Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Нийслэл

Хотын дарга ХУД-ийн 12,13, 14-р хорооны үер, усны эрсдэлтэй цэгүүдэд ажиллалаа


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд энэ онд  үерийн хамгаалалтын 2 км урт далангийн барилгын ажил эхэлсэн ч одоо 20 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төслийн гүйцэтгэгчээр “М Даблью Т” ХХК өнгөрсөн онд шалгарч, энэ онд барилга угсралтын ажлаа эхлүүлжээ. Санхүүжилт удаашралтай байсантай холбоотойгоор далангийн гүйцэтгэлийн ажил төлөвлөсөн хугацаанаасаа хойшилсон гэдгийг “М Даблью Т” ХХК-ийн захирал  Г.Цэгмэд танилцууллаа. Тэрээр далангийн барилгын ажлыг энэ ондоо багтаан бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэв.

Харин оршин суугчид барилгын ажил удаашралтай байгаад сэтгэл дундуур байна. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал бүтээн байгуулалтыг шуурхай дуусгахгүй, 5 дугаар сарын сүүлээс 6 дугаар сарын эхэн хүртэл нэг сарын хугацаанд ажилласанд шүүмжлэлтэй хандлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гүйцэтгэгч компанид ажлаа эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлэн төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулахыг үүрэг болгов. Ингэхдээ  холбогдох санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж, өдөр тутамд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллана.

Мөн Цагаан эргийн гүүр эвдэрсний улмаас тухайн бүсийн иргэдийн ундны усны хүртээмж хязгаарлагдаж, өдөр тутмын амьдралд хүндрэл үүсээд байгаа юм. Цагаан эргийн гүүрийн эвдрэл гэмтлийг засварлан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн болгох чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өглөө. Гүүрийг сэргээн барих асуудлыг ирэх оны нийслэлийн төсөвт тусгана гэлээ. 

Түр хамгаалах байранд байгаа иргэдийн амьжиргааг хэвийн байдалд ортол засаг даргын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хан-Уул дүүргийн 12 дүгээр хороонд үерт өртсөн айл өрхийн иргэдтэй уулзав. Тус хороо 8000 оршин суугчтай бөгөөд хойд хэсгээрээ үерийн эрсдэлтэй бүсэд хамаарч байна. Тус хорооны ЕБ-ын 10 дугаар сургуулийн өргөтгөлийн зааланд түр хамгаалах байр байгуулж, одоогийн байдлаар үерийн улмаас найман иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлжээ.

Түр хамгаалах байранд байгаа иргэдийн зүгээс хүнсний хангамж хүндрэлтэй,  холбогдох байгууллагуудын дэмжлэг шаардлагатай байгааг илэрхийлж байлаа. Иргэдийн амьжиргааг хэвийн байдалд ортол Засаг даргын нөөц хөрөнгөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хүнс, тэжээлийн болон нэн шаардлагатай зардлыг шийдвэрлэх, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Үерт автсан айл өрхүүдийн хашаа, гудамж, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт яаралтай зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг чиглэл болгов.

ХУД-ийн 14 дүгээр хорооны үерийн эрсдэлтэй бүсийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны үерийн эрсдэл үүсээд буй бүсэд ажиллаж, газар тариалан,  хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонслоо.

Тус бүсэд 1992 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Түргэний голын ай савд жимс, жимсгэнэ, хүнсний ногооны аж ахуй хөгжүүлэх зориулалтаар газар олгож  байжээ. Энэ орчимд хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг  20 орчим өрхийн газар усанд автаж, үерт өртөх өндөр эрсдэл үүсдэг байна. Сүүлийн жилүүдэд голын ай сав өөрчлөгдөж, шороон овоолго, авто зам зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр уулын усны урсацын чиглэл өөрчлөгдөн, үерийн хүч нэмэгдэж, эрсдэл эрс  нэмэгджээ.  2009 онд үер болж, хөндий бүхэлдээ усанд автсан бөгөөд түүнээс хойш бараг жил бүр үерийн эрсдэл нүүрлэх болжээ. Ургац, хөрөнгө, бүтээн байгуулалтад хохирол учирч, үерийн ус, лаг шаварт бохирдсон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжгүй болж хөдөлмөрийн үр шим талаар өнгөрдөг тухай хэлж байв.

ХУД-ийн 14 дүгээр хорооны иргэн Л.Алтанзул хэлэхдээ “Бид 1992 оноос хойш энэ газрыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр тохижуулж, үржил шимтэй хөрс бүрдүүлэн хүлэмжийн аж ахуй хөгжүүлсэн. Гэвч хүний үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн үерийн эрсдэлээс болж жил бүр хохирч байна” гэв. Мөн иргэдийн төлөөлөл зам, ус зайлуулах байгууламжийн өөрчлөлтөөс шалтгаалан уулын амны ус өндөр даралттайгаар орж ирдэг болсон бөгөөд инженерийн цогц шийдлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  асуудлыг судалж, инженерийн шийдэл боловсруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөв. Тэрээр “Үерийн эрсдэлийг бууруулах асуудлыг зөвхөн 14 дүгээр хороогоор хязгаарлахгүйгээр Өлзийт орчмын ногоочдын бүсийг хамруулан иж бүрэн судалгаа хийж, геодези, усны барилга байгууламжийн шийдлийг боловсруулна. Хөдөлмөрлөж, хотын хүнсний хангамжид хувь нэмэр оруулж буй иргэдээ дэмжих бодлого баримтална” гэв. Мөн холбогдох байгууллагууд үерийн дараах ариутгал халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн талбайд шуурхай зохион байгуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд ариутгалын бодис олгох, авто замын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, цахилгаан, дэд бүтцийн нөхцөл байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close