УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.21/ хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий шинээр 5, өргөтгөлөөр 4, нийт 9 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм.
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав.
Тэрбээр, Ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хуралдан тогтоолын төсөлд холбогдох асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд тогтоолын төсөлд хамрагдах талбайн сумын нэр дутуу бичсэн, орхигдуулсан, талбайн хэмжээг зөрүүтэй бичсэн зэрэгтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, А.Сүхбат, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд газрын кадастрын зураглалаас урсгал, голдирол нь хэвээрээ байгаа 5-6 голыг хасчихсан асуудлыг хэрхэн шийдэх талаар, улсын тусгай хамгаалалтад нийт газар нутгийн хэчнээн хувийг авахаар төлөвлөсөн, хэдий хэмжээний газар нутгийг аваад байгаа талаар тодруулж байлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, байгаль орчныг хамгаалах, байгалийн зүй тогтоцын талаарх судалгаа шинжилгээ тогтмол хийх асуудалд хөрөнгө мөнгө дутуу зарж ирсний горыг өдгөө амсч байна хэмээсэн. Тэрбээр, төрийн байгууллагууд мэдээллүүдээ дутуу солилцдог, хийх ёстой ажлууд, судалгаагаа цагтаа хийгээгүйгээс болоод голуудыг бүртгэлжүүлээгүй алдаа гарсан гэлээ. Түүнчлэн шаардлагатай төсөв мөнгийг тавиагүйгээс хэд хэдэн голыг газрын зурагт байхгүйгээр тэмдэглэсэн байсныг засан, дээрх газрыг тусгай хамгаалалтад авахаар тусган оруулж ирж байгаа гэсэн хариултыг өгсөн.
Улсын тусгай хамгаалалтад нийт газар нутгийн 30 хүртэл хувийг авахаар төлөвлөснөөс 20.1 хувийг авсан байгааг сайд тодотгосон. Хэдийгээр тусгай хамгаалалттай газар нутгийн талбай нэмэгдэж байгаа ч байгаль орчны салбарын албан хаагчдын тоо 380 гаруйгаар дутагдалтай байгааг сайд онцлоод энэ салбарт зохих хөрөнгө оруулалтыг хийж, гарах ёстой зардлыг гаргамаар байна гэлээ.
Үргэлжлүүлээд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
“Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төслийг Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.
“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”, “Ус үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг төрийн бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Ноён уул орчмын газрыг өргөтгөх, ангилал ахиулахаар “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Энэхүү тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна.
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1995 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Ноён уул орчмын газрыг 21670 га-аар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан аж.
Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг 2015 онд Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Оюунгэрэл, Т.Рэнчинмядаг нар Ноён уул орчмын байгалийн нөөц газрыг 33498 га, дурсгалт газрыг 405,1 га талбайгаар тогтоосон аж.
Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдэх юм байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд Үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны тариалалт, үрийн нөөцийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариаланг дэмжих чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.