Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Эцэг эхчүүд теле хичээлийг шүүмжлэх хандлага гаргах боллоо. Энэ бол олон мянган хүүхдийн эрх ашгийг хамгаалж чадварлаг багш нар өндөр түвшинд зохион байгуулж байгаа ажил юм. Теле хичээлд хамрагдаж чадахгүй, шүүмжлээд байвал хүүхэд хохирно. Яам, багш нар ажлаа хийж байгаа.
Засгийн газар, салбарын яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой тушаал гарсан. Хамгийн сүүлийн мэдээллээр 192 оронд цэцэрлэг, сургууль бүрэн хаасан. Нэлээдгүй улс орнуудад хэсэгчлэн хаагаад байна. Үүний улмаас дэлхийн 1.7 тэрбум хүүхэд, залуус сургалтад хамрагдах боломжгүй болоод байгаа нь нийт суралцагчдын 91.3 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой Засгийн газрын нэг тогтоол, сайдын хоёр захирамж гарсан байна. Есдүгээр сарын 1-н хүртэл хичээл сургууль хойшилсонтой холбоотойгоор эцэг эх, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэг хүлээлт үүсээд байгаа. Үүнд хариулт өгөх зорилгоор дараах мэдээллийг өгч байна.
Дөрөвдүгээр сарын 15-нд гарсан Засгийн газрын тогтоолоор хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор
12-р ангийн хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авахгүй өнжөөх шийдвэр гаргасан.
Мөн сургууль, цэцэрлэгүүдийн халаалт, гэрэл цахилгаан зэрэг хэмнэж болох хэмнэлтийг хийх тогтоол орон нутгууд руу хүргүүлсэн.
Уг тогтоолыг дагалдан дөрөвдүгээр сарын 17-нд салбарын сайдын тушаал гарсан.
Уг тушаалаар:
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ
Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургаадугаар сарын 1-нээр дуусгана,
ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх,
1, 5, 10 жил ажилласан багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2020 оны 4, 5 дугаар саруудад онлайнаар зохион байгуулах.
Энэ сургалтад 4,500 багш бүртгүүлсэн. Одоогоор 1,800 багш хамрагдаад байна.
Теле болон цахимаар явуулсан хичээлийг багшийн журналд тэмдэглэсэн байх,
Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг гүйцэтгэхэд тулгардаг асуудтай холбоотойгоор зөвлөмж, зааврыг элсэгчдэд хүргүүлнэ.
Цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг, эхэд хүлээлгэн өгөх,
Цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориулж мөнгө хураахгүй.
Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна” гэдгийг онцоллоо.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, САЛБАРЫН САЙДЫН ЗАХИРАМЖААС ГАДНА ЗАРИМ АСУУДАЛ
12 дугаар анги буюу төгсөх ангийн 28,500 хүүхэд байгаа. Тэдгээр хүүхдийн 10 мянга гаруй эцэг, эх санал гаргаасан. Уг саналаар 12-р ангийн хүүхдүүдэд багшаар нь биечилж танхимаар давтлага өгмөөр байна гэсэн.Яамны зүгээс нөхцөл байдлыг харж, судална. Тавдугаар сард коронавирусийн тархалт гайгүй бол суралцагч, эцэг эхийн сайн дурын үндсэн дээр зөвхөн 12-р ангийнханд сургууль дээр нь танхимаар давтлага өгүүлэх асуудлыг судалж байна.
Энэ жилээс сувилагч мэргэжлээр суралцаж байгаа хүүхдийн төлбөрийг улсаас дэмжихээр болсон. Сурлагын голч онооны босго дүнг харгалзан төрөөс зардлыг нь даана.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ
Үндэсний их баяр наадмын комисс саяхан хуралдсан. Одоогийн байдлаар баяр наадмыг зохион байгуулна гэдгээр бэлтгэл хангаад явж байгаа. Гэхдээ мэдээж цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална” гэлээ.
Сайдын тушаал: