НийгэмЭнэ сардНийслэл

Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг сунгаж байгааг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 02-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар  санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.

НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл нийт иргэдийн 34 хувь нь саналаа өгсөн байна. Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтад иргэдээс санал авах хугацааг 20 хоногоор сунгаж байна. Иргэд өөрсдийн амьдарч байгаа дүүрэг хороо, байр, орц, гудамж талбайд тулгамдаж байгаа асуудлыг сайн мэднэ. Иргэдийнхээ өгсөн санал дээр үндэслэж 2021 онд хийгдэх орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийх болно. Өмнө нь өрх бүрээс ганцхан санал авдаг байсан бол энэхүү SmartUb аппликейшний тусламжтайгаар иргэн бүр санал өгөх боломжтой” гэдгийг онцолж хэллээ.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 277 мянган иргэн санал асуулгад оролцсон байна. Саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь камержуулалт хийх ажилд хамгийн их саналыг өгсөн байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэрэг ажлуудад санал өгсөн байгааг Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг дуулгалаа.

Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд Баянгол дүүрэгт 15 %, Баянзүрх дүүрэгт 15%, Налайх дүүрэгт  62,5%, Сонгинохайрхан дүүрэгт 37,5%, Сүхбаатар дүүрэгт 56%, Хан-уул дүүрэгт 35%, Чингэлтэй дүүрэгт 80,5%, Багануур дүүрэгт 55%, Баганхангай дүүргийн иргэд 100% оролцож саналаа өгчээ.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэн бүрийн  мэдээлэл дээр үндэслэж, төсвийн төлөвлөлт хийх давуу талтайг Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо онцолсон юм. Тэрбээр “SmartUb аппликейшн бүх төрлийн андройд утсанд ашиглагдана.Иргэдийн хувьд апплйкейшнийг татаад овог нэр гэрийн хаягаа оруулснаар өөрийн амьдарч байгаа хороондоо ямар бүтээн байгуулалт хийх саналаа өгөх боломжтой” гэв.

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтанд насанд хүрсэн иргэн бүр хамрагдах бөгөөд санал асуулга ирэх дөрөвдүгээр сарын  20-н хүртэл явагдахаар боллоо.  Иргэдийн хувьд ухаалаг утсан дээрээ SmartUB аппликейшнийг  татаж, орон нутгийн хөгжлийн сан гэсэн цонхыг сонгож санал асуулга гэсэн цэсэд хандсанаар өөрийн хороо дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтанд саналаа өгөх боломжтой юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button
Close