Улс, хот хоорондын хөдөлгөөнийг II сарын 23-27-ны хооронд түр зогсоох шийдвэр гаргалаа

Улсын онцгой комисс хуралдаж, Цагаан сарын баярын өдрүүдэд иргэд болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлыг хэлэлцээд “Улс, хот хоорондын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан” талаар Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ “УОК-ын энэ удаагийн хурлаар эхлээд өмнөх дөрвөн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. БНХАУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг Хаврын баярын үеэр Ухань хотоос 5 сая хүн, улсынхаа хэмжээнд 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь өвчний тархалт бий болоход нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн. Бид үүнээс сургамж авах хэрэгтэй.
13 аймгийн Онцгой комиссын даргаас Цагаан сарын баярын үеэр хөдөлгөөн хязгаарлаж өгөөч гэдэг хүсэлт ирсэн. Уг саналыг үндэслэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Үүнийг ЗТХ-ийн сайдад даалгалаа. Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй. Харьцангуй цөөн нислэг буюу уул уурхайн компаниудын захиалгат нислэгүүд байгаа. Бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөнд энэхүү хязгаарлалт хамаарна” гэв.



