УИХУлс төрЭнэ сард

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.03) нэгдсэн хуралдаан 15 цаг 52 минутад эхэлж, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 31 дэх заалтын 2 дахь хэсгийн “эсхүл тээвэрлэгч” гэснийг, 2.4 дахь заалтын “зорчигч нь” гэснийг, 2.5 дахь заалтын “зорчигчид” гэснийг, мөн заалтын “төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний” гэснийг тус тус хасаж, 3 дахь хэсгийн “авалгүйгээр” гэснийг “аваагүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслээр” гэж өөрчилж, 5.7, 5.8 дахь заалтыг “5.7.усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн”, “5.8.бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй усан замын тээврийн хэрэгслээр хөвөлтөд гаргасан бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” хэмээн өөрчлөн найруулахыг дэмжсэн юм. Түүнчлэн төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тогтоосон дэглэм зөрчиж, төрийн тусгай хамгаалалтын бүсийн агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг эл найруулгаар төсөлд тусгахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив. Мөн химийн хорт, аюултай бодистой холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох нь зүйтэй хэмээн дэмжлээ. 

Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хог хаягдлыг ил задгай шатаасан, эсхүл гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг дээрх найруулгаар төсөлд тусгах юм. Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргаас олгосон зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хог хаягдлын төвлөрсөн цэгт аюултай хог хаягдал, халдвартай хог хаягдал, эсхүл шингэн хаягдал, чөлөөт шингэн агуулсан хаягдал булшилсан, шатаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хэмээн өөрчлөн найруулахыг тус тус дэмжсэн. 


Үргэлжлүүлэн аюултай хог хаягдалтай холбоотой зөрчил, хүүхдийн эрхийн зөрчил, Нийгмийн даатгалын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтуудтай холбоотой зарчмын зөрүүтэй саналыг томъёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Төсөлтэй холбоотой найруулгын шинжтэй гурван санал, Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Конвенц соёрхон батлах тухай хуулийг баталлаа

Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Европын холбооны зөвлөлийн татварын асуудлаар хамтран ажилладаггүй бүс нутгийн жагсаалтаас гаргах, татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл  харилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор  батлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2019 оны 157 дугаар захирамжийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо гарын үсэг зурсан. Тус конвенцыг соёрхон баталснаар манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг амлалт бүрэн биелэх бөгөөд дэлхийн 130 гишүүн улстай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэнэ гэдгийг Н.Энхболд сайд танилцуулгадаа онцолсон. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 


Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан юм. Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Дараа нь төслийг  батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56.4 хувь нь дэмжив. Ийнхүү “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хууль батлагдсан тул Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж, танилцуулсан. 

УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

“Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төслийн талаар танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” хэмээн заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох заалтын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх тогтоолын төслийг боловсруулж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. 


Мөн уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг орон даяар зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажилд шаардагдах зардлын төсвийг баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт зөвшөөрөхөөр тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг улс орон даяар зохион байгуулах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгахаар тусгасан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.    

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авсан юм. Улсын Их Хурлын гишүүдээс анхааруулж буй санал, холбогдох бусад хуульд нийцүүлэх ажлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхаарах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгөөд, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. 

2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан. Энэ хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Сонгуулийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг тус тус зохион байгуулж явуулсан. Эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулах явцад Сонгуулийн тухай хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тухайд буюу хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигч, сонгуульд оролцсон нам, эвслээс илэрхийлж байв.

Улсын Их Хурлын сонгууль, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинжтэй, ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр онцлог бүхий сонгуулийн харилцааг нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуулийн харилцаанд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсгэхийн зэрэгцээ иргэд сонгогчдод ойлгомжгүй байв.

Иймээс улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, тусгайлсан хууль боловсруулах, Үндсэн хуульд заасан иргэний сонгох эрхийг хангах, түүнчлэн уг сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр орон нутгийн Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагын үүднээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан орон нутгийн Хурлын сонгуулийн харилцааны онцлогыг тусгасан бие даасан хуулийн төслийг боловсруулжээ.      

Төслийг боловсруулахдаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас 2016, 2017 оны сонгуулиудыг ажиглаад өгсөн зөвлөмж, Сонгуулийн ерөнхий хороо болон Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт улс төрийн намууд, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Хил хамгаалах ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үндэсний аудитын газар, Гадаадын иргэн харьяатын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, МҮОНРТ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс нээлттэй санал авч тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Энэ үндсэн дээр хуулийн төсөлд орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг хамтад нь тогтоох, ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байх, дахин сонгуулийг тухайн шатны сонгуулийн хороо нь дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 14 хоногийн дотор, нөхөн сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногт багтаан товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт жил бүр тусгаж батлах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлээс гадна төлөвлөлт, зарцуулалтад аудитын байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргаж байхаар тусгасан байна. Өмнө нь орон нутгийн Хурлын сонгуультай холбоотой гомдол маргаан шийдвэрлэгдэхгүй удах, шийдвэрлэгдсэн ч дахин, нөхөн сонгуулийг товлон зарлахгүй байх тохиолдол гардаг байдлыг нэг мөр цэгцэлж, сонгуулийг товлон зарлах хугацааг нарийвчлан тодорхойлж, хуульд заасны дагуу сонгуулийг товлон зарлаагүй, зохион байгуулаагүй этгээдэд оногдуулах хариуцлагыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид тойргийг нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох бөгөөд тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн зэргэлдээ байх, нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг 200 сонгогч байхаар тогтоох, сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах ажиллагаа дуустал засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглохоор зохицуулж өгчээ.

Түүнчлэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжилсэн ажилтан нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлсэн өдрөөс эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг хариуцан хэсгийн хорооны дэргэд ажиллах, сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаанд тагнуулын байгууллага хяналт тавихаар төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх зохицуулалтыг оруулсан байна. 

Мөн нам, звслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны тоог үйл ажиллагааных нь цар хүрээтэй уялдуулан тогтоохын зэрэгцээ нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагад хянуулах хугацаа, журмыг тодорхой болгож, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн байна.Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн “төсөлд орон нутгийн сонгуулийн сурталчилгааг зохицуулсан хугацаа урт байгаа талаар, 8-9 дүгээр сарууд нь шилжилт хөдөлгөөний оргил үе байдаг тул сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг орон нутгийн сонгуулийг товлон зарлах өдрөөс 30 хоногийн өмнө болгох мөн хууль бус сурталчилгааг хориглох хугацааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хугацаатай адилсгаж 6 сарын өмнөөс хориглох” нь зүйтэй тул хэлэлцүүлгийн явцад өөрчлөх талаар саналаа илэрхийлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулийн төслүүдийгУлсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж, хариулт авлаа. 

Санал хураалтад оролцсон 39 гишүүний 27 нь буюу 69.2 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ 

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих шаардлагыг тогтоох, хэрэглэгч өөрт тохирсон үйлчилгээг сонгон авахад шаардлагатай санхүүгийн мэдлэг, боловсролыг үнэ төлбөргүйгээр авах, санхүүгийн үйлчилгээтэй холбогдсон гомдол, маргааныг шүүхийн бус замаар мэргэшсэн байгууллагаар хурдан, шуурхай шийдвэрлүүлэх зэрэг харилцааг зохицуулах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад гишүүд төслийн санхүүгийн хэрэглэгч гэдэгт иргэдээс гадна банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авдаг аж ахуйн нэгж, төрийн байгууллага, Засгийн газрын тусгай сан зэрэг бусад этгээдийг хамруулж, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг нэмж тусгах, иргэдэд санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зэрэг тунхаглалын шинжтэй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зохицуулалтаас илүүтэй хэрэглэгчийн эрхийг бүтээгдэхүүний түвшинд хамгаалсан, санхүүгийн өдөр тутмын харилцаанд тулгардаг асуудлыг шийдсэн зохицуулалтыг төсөлд тусгах асуудлыг анхаарах нь зүйтэй хэмээн хэлсэн байна. Түүнчлэн зээлийн хүү буурах механизмыг бүрдүүлэх, нийт банк, санхүүгийн байгууллагууд дээр төвлөрөөд байгаа эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ялангуяа хөрөнгийн зах зээл рүү оруулах сонирхол, нөхцөлийг бүрдүүлэх талаар тусгах, төслийг Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг бусад хуультай сайтар уялдуулах, банкны бүтээгдэхүүний нөхцөлийг уян хатан болгох, түүнд тавих Монголбанкны хяналтыг сайжруулах асуудлыг анхаарах шаардлагатай гэж үзлээ. 


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан банк-зээлдэгчийн харилцааны тэнцвэрийг хангах, монполь хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байдлыг зохицуулсан эсэхийг лавлаж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Баттөмөр нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 23 буюу 59.0 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. 

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төсөл санаачлагчийн илтгэлийг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Дамба-Очир танилцуулсан. 

Засгийн газраас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, орон сууцны ашиглалтыг хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны цар хүрээ, эрх үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн механизмыг бий болгох, түрээсийн орон сууцны зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох, хууль хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Орон сууцны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай зэрэг нийт 8 хуулийн төслийг өргөн барьжээ.

Хуулийн төсөл батлагдснаар төрөөс орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааны эрх зүйн орчин сайжирч, орон сууцны ашиглалтыг сайжруулах оновчтой тогголцоо бүрдэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад ихээхэн ахиц гарна гэж төсөл санаачлагч үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат дундын өмчлөлийн эд хөрөнгийн зохицуулалт, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байх, татварын ачааллыг хуваалцах зарчим болон нийтийн эрх ашиг, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдвэр, үйлчилгээг орон сууцанд явуулахыг хориглох зохицуулалтыг тус тус нэмж тусгах, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр шинэ гэр бүл, эмзэг бүлгийн өрх гэрийг хямд өртөгтэй орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, төвлөрөл багатай суурин газарт орон сууцны дэд бүтцийг шинээр татаж, нийтийн болон амины орон сууцыг хөгжүүлэхэд анхаарах, газар чөлөөлөлтийг нэгдсэн бодлогоор хийж, төлбөрийн чадварт нийцсэн хямд орон сууцаар иргэдийгхангах бодлогыг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд олон улсын сайн туршлагыг дахин судалж, гол зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах зэрэг саналыг гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа, А.Ундраа нар асуулт асууж, Барилга, хот байгуулалтын сайд болон ажлын хэсгээс тайлбар, тодруулга авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Бямбацогт, А.Ундраа нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Төр бодлогын түвшинд орон сууцны хэрэглээг хангах асуудлыг шийдвэрлэх, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хамгаалах, дундын өмчлөл, хадгалалт хамгаалалтыг оновчтой шийдвэрлэх, төр оролцоогоо зөв тодорхойлж, олон нийтэд зөв, бодит мэдээлэл хүргэх шаардлагын талаар санал хэлсэн. 

Ийнхүү Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close