НийгэмОрон нутаг
Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байна

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан Орхон аймгийн газар тариалангийн салбарынхан баярын хурлаа зохион байгууллаа.
1976 онд “Атрын II” аяны хүрээнд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн 249 дүгээр тогтоолоор Эрдэнэт хотын хүн амыг төмс, хүнсний ногоо, сүүгээр хангах үүрэгтэй Улаантолгойн сангийн аж ахуйг байгуулсан түүхтэй. Тус сангийн аж ахуй нь 7100 гаруй га эргэлтийн талбайтай. Жил бүр 4900-5000 га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж хотын хэрэгцээг 100 хувь хангаж, зарим үед ЗХУ-ын хотуудад экспорт хийдэг байжээ.
Тухайн үеийн Улаантолгойн сангийн аж ахуй буюу одоогийн Жаргалант сумын тариаланчид жил бүр 3800-4500 га талбайд тариалалт хийж, 7500-10 мянган тонн ургац хураан авч байна. Уг үзүүлэлтээр буюу нэгжээс авах ургацын хэмжээгээрээ манай аймаг нь Монгол Улсын хэмжээнд тогтмол тэргүүлж буй.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 1000 өрх, 10 гаруй аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо тариалдаг. Орон нутгаас тэднийг дэмжих зорилгоор аймгийн Засаг дарга Д.Батлутын мөрийн хөтөлбөрт туссан “Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд жил бүр 1000 өрхд төмс, хүнсний ногооны үрийг үнэ төлбөргүй олгодог.
Мөн Жаргалант суманд “Техник үйлчилгээний төв” байгуулахад шаардлагатай хөрөнгийг орон нутгийн 2020 оны төсөвт суулгасан. Ингэснээр өрхийн тариаланчид өндөр хүчин чадалтай, орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглах боломж бүрдсэн гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцоллоо. Үүгээр зогсохгүй орон нутгийн төсвийн хөрөнгөөр зуны хүлэмжийг хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг тогтмол зохион байгуулдаг.
Ийнхүү Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойн баярын хурлын үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулсан юм.



