С.Энхжин: Эх дэлхийнхээ төлөө хайраа илэрхийлэхэд нас багадахгүй


Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Ногоон Ази сүлжээ” Олон улсын ТББ-ын ойжуулалтын талбайд Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан өнгөрөгч бямба гаригт 300 ширхэг мод суулгаж, услах ажилд оролцсон оюутан залуусын “My Club”-ын гишүүн С.Энхжинтэй ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
-Намайг Самбуу-Ёндон овогтой Энхжин гэдэг. Санхүү эдийн засгийн их сургуулийн Банкны ангид сурдаг. My Club-ийн гишүүн болоод яг нэг жил болох гэж байна. Ирээдүйд гадаадад сурах зорилготой учраас сайн дурын ажилд оролцож, нийгмийн идэвхитэй байх шаардлагатай байсан учраас My Clubийг сонгосон. Тэгээд яваандаа сайн дурын ажил хийж ирээдүйгээ бүтээнэ гэхээсээ илүү мод тарих нь илүү таалагддаг болсон учраас алгасалгүй явдаг болсон.
-Яг юу нь илүү таалагдсан бэ?
-Нүх ухах үнэхээр хэцүү байсан. Яг цемент шиг хатуу болчихсон газрыг сийрэгжүүлж мод тарих нүх болгоно гэдэг үнэхээр хэцүү байсан. Тэгээд тэр ажлыг хийсний дараа модоо суулгачихаад услаад зогсож байсан мэдрэмж үнэхээр гоё. Өөрийн гараар амьдралыг тэтгэсэн маань таалагдсан учраас дахин дахин ирдэг. Нөгөө талаар гадаадаас ирсэн хүмүүс манай монголд мод тарих төсөл хэрэгжүүлж байна гэдгийг мэдээд “Ямар гоё юм бэ. Гадаад хүн манай улсад юм хийж өгч байна. Харин манай Монголчууд яагаад зүгээр суугаад байгаа юм бэ. Тэр тусмаа залуучууд зүгээр суугаад байна вэ” гэж бодсон. Тиймээс илүү олуулаа болоосой гэж хүсдэг. Клубтээ ч идэвхитэй явдаг.
-Найз нөхөддөө, таньдаг хүмүүстээ хэр нөлөөлсөн бэ?
-Нөлөөлж байгаа. Өөрийнхөө сошиал орчинд, ангийнхандаа, найз нөхөддөө дуулгадаг. Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлтийн эсрэг хүн бүрийн хийж чадах ажил бол мод тарих. Эх орондоо хайртай гээд юу ч хийдэггүй хүмүүс цөөнгүй байдаг. Тэр хүмүүсийн хажууд би өөрийгөө сайн яваа, зөв юм хийж байгаа гэж боддог.
-Зөвхөн мод тарих өдөрт мод тарина гэлгүй байгаль дэлхийнхээ төлөө үргэлж хичээх ёстой гэдэг итгэл сэтгэлийг илүү олж авч байгаа байх тийм үү?
-Тэгэлгүй яахав. Эх орноо хайрлах сэтгэлтэй болж байна. Хүмүүс ихэвчлэн мод тарих өдөр л мод тариад орхичихдог. Нөгөө модоо усалж, арчилж тордохгүй бараг л мартчихдаг. Манай клубынхан шиг байнга арчилж тордоод байдаг хүмүүс нь бага байгаа даа.
-Клубынхаа хамт олонд хандаж хэлэх үг?
-Намайг маш өөрчилсөн. Миний хувь хүний үзэл бодлыг үнэхээр их өөрчилсөн. Би анх нэг клубт очоод 2-3 удаагийн уулзалт форумд оролцсон. Яагаад намайг сонгоод оролцсоноо ч сайн мэдэхгүй. Шинэхэн гишүүн байхдаа тэр арга хэмжээнүүдэд оролцоод маш их зүйлийг ойлгосон. Би хувь хүн талаасаа хөгжих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Жишээлбэл, би хамгийн анх клубынхээ талаар танилцуулах гээд нэгэн их сургууль дээр очиж үг хэлсэн. Гацаж түгдрээд олигтой юм ярьж чадаагүй. Тэгээд би өөртөө клубынхээ илтгэгч нь болно гээд бодчихсон. Одоо би илтгэгчийн сургалтад сууж байгаа. Клубынхээ нэг сайн илтгэгч нь байна гэж бодож байна. Би илүү сайн ярьж сурснаар миний хэлсэн үгээр дамжуулж клубыг маань ойлгох, бидэнтэй нэгдэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Байгаль хамгаалах үйлс маань ч илүү өргөн болно. Тиймээс клубынхээ мундаг илтгэгч нь болж, хамгийн идэвхитэй гишүүдийн нэг болно.
-Саяхан Шведийн 16 настай охин Дэлхийн дулаарлын талаар НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн. Түүнийг зарим хүмүүс жаахан хүүхдийг худал онгироогоод байна гэж өөлж байсан. Та нар ч гэсэн залуу хүүхдүүд. Бүгд сайн дураараа мод тарих үйлсэд нэгдсэн байна. Тэгэхээр ирээдүйнхээ төлөө байгалиа хамгаалах үйлсэд нэгдэхэд нас чухал биш гэж хараад байна л даа?
-Ер нь залуучууд илүү сэтгэлтэй, зүтгэлтэй болсон санагддаг. Эх дэлхийнхээ төлөө бидний хийж байгаа бүхэн хайраа илэрхийлж байгаа хэрэг. Тэгэхээр хайраа илэрхийлэхэд нас хамаарахгүй гэж бодож байна.
П.Нарандэлгэр



