Өчигдөр есдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байранд химийн бодис илэрлээ гэсэн дуудлага мэдээлэл 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Тус дуудлагын дагуу үзлэг шалгалт хийхэд БНХАУ-ын иргэд орон сууцанд алт угаасан байж болзошгүй нөхцөл илэрчээ.
Тухайн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн устай адил химийн бодис ашиглаж, алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Дээрх асуудлаар БНХАУ-ын долоон иргэнийг холбогдуулан шалгаж байна. Хэргийн газар буюу тус байранд цагдаа, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар тагнуулын байгууллагаас оролцон үзлэг шалгалтыг хийсэн байна.