НийгэмОрон нутаг
Баян-Өндөр хайрханыг тахина

Орхон аймгийн Баян-Өндөр суманд энэ сарын 14, 15-ны өдөр Баян-Өндөр хайрханы болон Тэнгэрийн 7 бурхан одны тахилгын ёслол болж байна. Тахилгын ёслол 5 дугаар сарын 14-н буюу зуны тэргүүн сарын шинийн аравны билэгт сайн өдрийн үдэш 19 цагаас Тэнгэрийн 7 бурхан одыг тахих ёслолоор эхэлсэн юм. Ёслол Баян-Өндөр хайрханы өвөр, Хүрэнбулагийн рашааны баруун хойд талд болно.
Өнөөлөр буюу 5 дугаар сарын 15, зуны тэргүүн сарын шинийн арван нэгний билэгт сайн өдөр Баян-Өндөр хайрханаа тахина. Баян-Өндөр хайрханы тахилгын үеэр лам хуврагууд ном хурахаас гадна 8 тахил, 7 эрдэнийг залах тэргүүтэй овоо тахилгын зан үйл үйлдэх юм. Тахилгын ёслол 5-р сарын 15-нд 8 цагаас эхэлнэ.
Баян-Өндөр хайрханыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэрийг анх 1998 онд тэр үеийн ИТХ-аас гаргаж байжээ. Улмаар 2011 онд тухайн үеийн Засаг даргын шийдвэр гарч жил бүрийн зуны эхэнд сард тахиж байхаар болсон байна. Өнгөрсөн оны тухайд Баян-Өндөр хайрханы болон Тэнгэрийн 7 бурхан одны тахилгын ёслолд 4000 гаруй иргэн оролцож байжээ.



