Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар өнөөдөр (2019.05.02) Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ажиллалаа.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хүүхдүүд, тэр дундаа 133 дугаар сургуулийн сурагчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар эцэг, эхчүүд Байнгын хороонд албан бичиг ирүүлсний дагуу гишүүд холбогдох албаны хүмүүсийн хамт ийнхүү газар дээр нь ажиллаж, сургууль болон эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзав.
Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын НББСШУБХ, БСШУСЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Газрын албаны албан тушаалтнууд багтсан юм.
Тус хороо нь 22,000 гаруй хүн амтай бөгөөд үүний 5,000 гаруй нь сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд аж. Гэтэл эдгээр хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар эцэг эхчүүд хэлж байгаа юм. Тодруулбал, энэ хорооны нутаг дэвсгэрт ганц ч цэцэрлэг байхгүй тул зэргэлдээх хороодын цэцэрлэгт аз таарвал сугалаагаар орж, нэр нь сонгогдоогүй бол гэр бүлийн хэн нэг нь гэртээ хүүхдээ харахаас өөр аргагүйд хүрдэг. Мөн тус хороонд “Монгол тэмүүлэл” олон улсын лаборатори сургууль болон 133 дугаар сургууль гэсэн төрийн өмчийн хоёр сургууль нэг хичээлийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг байна.
133 дугаар сургуулийн хувьд 2017 онд шинээр байгуулагдсан. Нийт 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 1,2 дугаар давхарт хичээлийн 15 танхимд гурван ээлжээр хичээллэдэг байна.
Харин 3,4 дүгээр давхартаа “Монгол тэмүүлэл” сургууль нь 160 хүүхэдтэйгээр хоёр ээлжээр сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ сургууль нэг ээлжиндээ 640, хоёр ээлжиндээ нийт 1,280 хүүхэд хүлээж авах хүчин чадалтайгаар 2017 онд нээлтээ хийж байжээ.
Одоогоор 26 дугаар хороонд энэ онд нэгдүгээр ангид орох 680 хүүхэд байна. Газрын асуудлыг шийдэж, сургуулийн барилгыг барихгүй бол эдгээр хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөх эрсдэл үүсээд байгаа. Мөн нэг байранд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаагаас 133 дугаар сургуулийн сурагчид нэг ширээнд дөрөв, тавуулаа сууж байна. Самбараас хичээлийн ширээ хүртэл 60 см зайтай. Багш нарын амрах өрөө байтугай, өөрийн гэсэн анги танхим гэж байхгүйг эцэг, эхчүүд хэлж байгаа юм. 26 дугаар хорооны сургууль гэж улсын төсвөөр барилгын ажил нь явагдсан ч ашиглалтад орохдоо “Монгол тэмүүлэл” сургууль руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, газар нь 133 дугаар сургуулийнх, барилга нь “Монгол тэмүүлэл” сургуулийнх болж таарч байгаа юм.
“Монгол тэмүүлэл” нь БСШУСЯ-ны харьяа бол 133 дугаар сургууль нь Нийслэлийн Боловсролын газрын харьяа болчихоод байна. Шинээр сургууль барих гэхэд газрын асуудал нь шийдэгдэхгүй байгаа учир шинэ хичээлийн жил эхлэхэд ийм байдал үргэлжилж, багш, сурагчид хохирсоор байгааг нэн яаралтай шийдвэрлэж өгөхийг сургууль, эцэг, эхийн төлөөлөл гишүүдээс хүссэн юм.
Ингээд “Монгол тэмүүлэл” болон 133 дугаар сургуулийн эцэг, эхийн төлөөлөл Байнгын хорооны дарга Д.Оюунхоролд тулгараад байгаа асуудалд бодитоор хандаж, аль аль талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргахыг хүссэн шаардлага, албан бичгийг өглөө. Тэд хариуг энэ сарын 15-ны дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжих нөхцөл үүсэхийг сануулсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн багтаамжтай байрыг барих 6.6 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж, мөн оны наймдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар 7500 м.кв газрыг Олимп хотхоны арын талбайд олгожээ. Гэвч тус хотхоныг барьсан “Ика” ХХК-ийнхан өөрийн эзэмшлийн талбайг хууль бусаар авлаа гэж шүүхэд гомдол гаргаснаар газрын асуудал гацаанд оржээ.
Газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх үүднээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвийн эзэмшлийн газраас нийгмийн хариуцлагын хүрээнд нэг га газар авахыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү зөвшөөрчээ.
Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар долоо хоногийн дотор газрын асуудлыг яаралтай шийдвэрлэж, барилгын ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд өгч, хариуцлагатай ажиллахыг санууллаа. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болж үүссэн энэ мэт асуудлаас болж хүүхдийн эрх зөрчигдөх ёсгүй.
2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 133 дугаар сургууль өөрийн гэсэн байртай болсон байх хэрэгтэй. Асуудлыг шийдэгдтэл анхаарч, шахаж ажиллахаа Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.