Хөлбөмбөгийн тамирчид автын осолд орж, нэг тамирчин нь жолоочийн хамт амиа алджээ


Өнгөрөгч сарын сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Хөл бөмбөгийн 16 хүртэл насны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дөрөвдүгээр байр эзэлсэн Увс аймгийн “Баруун-Од” клубын баг тамирчид тэмцээнээ дуусгаад буцах замдаа осолд орж, багийн нэг гишүүн автобусны жолоочийн хамт амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Монголын хөлбөмбөгийн холбооноос “2019 оны 05-р сарын 01-нд Увс аймгийн төдийгүй Монголын хөлбөмбөгт нөхөж баршгүй гарз тохиолоо. “Баруун-Од” клуб нь 2019 оны 16 хүртэлх насны УАШТ-ий дөрөвдүгээр байрт ороод явж байсан нь энэ юм.
Увс аймгийн энэ багийнхан өнгөрсөн гуравдугаар сард Дархан-Уул аймагт болсон “Футзалын үндэсний цом” тэмцээнд түрүүлж, өмнөх жилүүдэд УАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байсан юм. Бэртэл авсан тоглогчдод хурдан эдгэрэхийг хүсээд, бурхны оронд заларсан тамирчин хүүд Монголын мянга мянган хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Дараа төрөлдөө мундаг хөлбөмбөгчин болон мэндлээрэй” хэмээн эмгэнэл гаргажээ.
Уг ослын талаар Тээврийн цагдаагийн газраас тодруулахад “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Бумбатын ам” гэх газарт Улаанбаатараас Улаангом чиглэлд зорчигч тээврийн автобус Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөсөн. Ослын улмаас автобусны жолооч эрэгтэй Б, “Баруун-Од” клубын тамирчин 16 настай, эрэгтэй О нарын хоёр хүн амь нас хохирсон. Дөрвөн хүн гэмтэл авсан” гэлээ.



