Баян-Өлгий аймгаас ирсэн агаарын хөлгийн зорчигчдыг тусгаарлалаа
Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тодорхой бус өвчнөөр өвчилж, нөхөр нь нас барсан тохиолдол бүртгэгдсэн юм. Харин эхнэрийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэн эмчилгээ хийж байгаа билээ.
Холбогдох байгууллагууд өвчилсөн болон нас барсан иргэнээс дээж авч, Улаанбаатар хот руу дээж явуулсан бөгөөд тус аймгийн Онцгой комиссоос тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд өнөөдрөөс тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.
Иймд тус аймагт тарваган тахалаар хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Чингис хаан олон улсын нисэх буудалд Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр өнөөдөр 14:50 цагт нисч ирсэн M-182 агаарын хөлгийг тусгаарлан зорчигчдод үзлэг хийж эхэллээ.
Тус агаарын хөлөгт Баян-Өлгий аймгаас 11, Ховд аймгаас 47, нийт 58 зорчигч зорчиж ирсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хилийн мэргэжлийн хяналтаас бүрдсэн тусгай баг зорчигчдод үзлэг хийж эхэлсэн бөгөөд Өлгий нисэх буудлаас ирсэн зорчигчдыг тусгаарлан эмнэлэгт хүргэнэ. Харин Ховд аймгаас ирсэн зорчигчдыг Буянт-Ухаа спорт цогцолборт тусгаарлан нарийн үзлэг хийх юм байна.