“Кес-Баскет” супер финалын тэмцээнд амжилттай оролцлоо
ОХУ-ын Тольятти хотноо энэ сарын 6-13-ны өдрүүдэд болсон олон улсын ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Кес-Баскет” супер финалын тэмцээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Д.Лхагваа багштай хөвгүүдийн “Ирээдүйн шонхор” баг ТАВДУГААР БАЙР, БГД-ийн 40-р сургуулийн Б.Рэнчиндорж багштай охидын “Ирвэс 40” баг 17-р байр тус тус эзлэн амжилттай оролцлоо. Монголын Шүүгчдийн спортын холбооны Улсын шүүгч Н.Энхтуул тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан.
Супер финалын тэмцээний “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн хөвгүүдийн “Ирээдүйн шонхор” багийн тамирчин Мөнгөнсүхийн ТЭМҮҮЛЭН, 3 онооны шидэлтийн тэмцээнд БГД-ийн 40-р сургуулийн охидын “Ирвэс 40” багийн тамирчин Насанжаргалын МИНЖИРМАА нь ХОЁРДУГААР БАЙР тус тус эзэллээ.
Тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр Нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сагсан бөмбөгийн лигийн “КЭС-БАСКЕТ” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч ФРОЛОВ АЛЕКСЕЙ ВЛАДИМИРОВИЧ-ийг “Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг” үнэмлэхээр шагнаж, тэмцээнд оролцогч баг тамирчдад амжилт хүссэн байна. Мөн ОХУ-ын Олимпийн аваргууд, гавьяат шилдэг тамирчдаас бүрдсэн “Нөхөрсөг уулзалт” тоглолтод Монгол Улсаа төлөөлөн тус хорооны Спортын хөгжлийн хэлтсийн дарга, сагсан бөмбөгийн спортын мастер С.Саранцэцэг оролцсон.
Тус тэмцээнд оролцоход хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн НЗДТГазар, СХД-ийн ЗДТГазар, БГД-ийн ЗДТГазар болон Худалдаа хөгжлийн банкны хамт олон болон бусад байгууллага, хувь хүмүүст ТАЛАРХАЛ илэрхийлье.