Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОнцлохОрон нутагФото сурвалжлагаFocus

Шүдэн уулнаас Уйгурын хаант улсын үед холбогдох олдвор олджээ

Соёлын өвийн үндэсний төвийн эрдэмтэн судлаачид Увс аймгийн Давст сумын Шүдэн уулаас илэрсэн Хатмал шарилыг цэвэрлэж, судалгаа хийн, амьдарч байсан он цагийг нь Уйгурын хаант улсын үе буюу МЭ 750-800 он гэж тогтоожээ. Тодруулбал, 2017 оны 12-р сарын 4-ний өдөр давс олзворлолтын явцад газрын гүнээс эртний хатмал шарил буюу олдвор илэрсэнийг нутгийн иргэд аймаг, сумын захиргаанд мэдээлсэн байна.

Шүдэн уулын давсны ордыг 1973 онд “Давсны” хэмээн алдаршсан геологич Ж.Сумьяа нээснээр 1974 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд Шүдэн уулын давсны уурхайд өнөөг хүртэл нутгийн иргэд хувиараа давс олзворлолт явуулж байгаа юм. Давст сумын Засаг дарга иргэдийн мэдээллийн дагуу очиж үзэн, Монгол улсын соёлын өвийн тухай хуулийн 3-р бүлгийн 16-р зүйлийн 1.3, 1.6-д заалтыг үндэслэн Шүдэн уулын давсны ордоос олдсон олдворыг цаг алдалгүй хамгаалалтанд авчээ. Улмаар ажлын хэсэг байгуулан дурсгалт газрын ойр орчмоос олдсон зарим олдвор хэрэглэгдэхүүнийг баримтжуулан Давст сумын Соёлын төвд шилжүүлсэн байна.

Увс аймгийн Засаг даргаас БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Соёлын өвийн төвд уг мэдээллийг илгээж, судалгаа, шинжилгээний мэргэжлийн баг ирж нөхцөл байдалтай танилцаж, дараагийн шатны арга хэмжээг авч ажиллахыг санал болгожээ. Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5-р бүлгийн 27.2-т заасны дагуу ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон Соёлын Өвийн Үндэсний төв гэсэн хоёр байгууллагаас хамтарсан хээрийн шинжилгээний анги 2018 оны 1-р сарын 05-наас 12-ны хооронд 7 хоногийн хугацаатай Увс аймгийн Давст сумын нутаг Шүдэн ууланд ажилласан байна.

24-27 орчим насны 170-172 см өндөртэй эрэгтэй хүн байжээ

Увс аймгийн Давст сумын Шүдэн уулаас илэрсэн эртний олдвор буюу хатмал шарилыг авран хамгаалах малтлагын дараа дурсгалыг цэвэрлэх, сэргээн засварлах ажлыг хийхээр Соёлын өвийн үндэсний төвд татан авчирсан байна. Цэвэрлэгээ, сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэх ажлын хэсэгт соёлын биет өвийн сэргээн засварлах газрын сэргээн засварлагч О.Оюунчимэг, Г.Ууганчимэг , Б.Мягмарсүрэн нарын бүрэлдхүүнтэй сэргээн засварлах баг ажиллажээ.

Рентген дээрх үзүүлтүүдээс үүдэн олдворын нас, өндрийг тогтоожээ

Олдворын  хамт олдсон эд зүйлсийг нэрлэвэл:

Тааран богц. Бүдүүн ширхэгтэй шаргал, бор өнгийн утсаар нэхэж хийсэн моринд эмээлийн ард тохож явах зориулалттай богц. Үндсэн хэсгийг шаргал өнгийн утсаар нэхэж нийтэд нь бор өнгийн утсаар 2-2.5 см өргөн тууш хээ гарган алаглуулсан байна. Богцны нийт урт 166 см, өргөн 56 см. Урт нарийн таарны хоёр талын үзүүрийг (нэг талыг 70 см, нөгөө талыг 74 см) дотогш нугалан хоёр үзүүрийн хооронд 22 см зай үлдээн хоёр хажуу талыг нь залган оёж битүүлжээ. Дотогш нугалсан үзүүрийн ирмэгийг 2 см нугалан оёж амсар гаргасан ба амсарыг задгай авч явдаг байсан бололтой.

Тааран богц цэвэрлэхээс өмнө ба хойно

Модон хүрз. Модны нэг талын үзүүрт халбага хэлбэрийн дүрс гарган хавтгайлан засаж, нөгөө талын үзүүрт урт нарийн иш гарган хийсэн. Ишний үзүүр хэсэг хугарч алга болсон. Одоо байгаа урт 45 см, үүнээс ишний урт 20 см, халбагны урт 25 см. Хүрзний иш угаас үзүүрлүү нарийссан байдалтай байна. Ишний өргөн уг хэсэгт 5 см, үзүүр хэсэгт 4 см, зузаан уг хэсэгт 4 см, үзүүр хэсэгт 3 см. Хүрзний халбага 15 см өргөн хэмжээтэй угаас үзүүрлүү нимгэрсэн. Зузаан уг хэсэгт 2 см, үзүүр хэсэгт 0.8 см. Хүрзний үзүүр болон хоёр талын ирмэгээр ашиглалтын улмаас үүссэн халцархай их байна.

Хавтгай хүрз хэлбэрийн модон багажны хугархай. Нэг талын үзүүрийг хавтгайлан халбага хэлбэрт оруулан засаж нөгөө талын үзүүрт нарийн иш гаргасан нь ишний уг хэсгээр хугарч алга болсон. Хадгалагдсан урт 42 см, үүнээс ишний урт 10 см байна. Хүрзний өргөн 13 см, ишний өргөн 6-7 см, их биеийн зузаан 1.5 см. Халбаганы гол хэсэгт 2.5х1 см хэмжээтэй ямар нэг зүйл углуургадан хийх зориулалттай нүх гаргажээ. Хүрзний гадна хүрээ их биенд ашиглалтаас үүссэн хагарал байна.

Хүрзний үзүүрийн халбага хэлбэрийн хэсэг голоороо хоёр хэсэг болон хугарсан байна. Хадгалагдсан урт 34.5 см, өргөн 12 см, зузаан 1-2.5 см. Халбаганы голд хагарлын гадна талаар уртааш нь хоорондоо 4-6 см зайтай нүхлэн дээсээр бэхэлж байсны ором, дээсний тасархай хадгалагдан хоцорчээ.

Хүрзний үзүүрийн халбага хэлбэрийн багажны хугархай. Нэг талын хэсэг хугарч алга болсон. Урд талруу шовх үзүүр гарган нөгөө талыг хавтгайлан засаж хийсэн. Үзүүр хэсэгт зузаан байна. Хадгалагдсан урт 32.5 см, өргөн 8.5 см, зузаан 1.5-3 см.

Хүрз хэлбэрийн багажны үзүүр хэсгийн хугархай. Хадгалагдсан урт 29 см, өргөн 8 см, зузаан 2 см.

Хүрний үзүүр хэсгийн хугархай. Иш уг хэсэг хадгалагдсан үлдсэн. Хавтгай халбага хэсгийн тал нь хугарч алга болсон. Модны нэг талын үзүүрийг хавтгайлан халбага хэлбэрт оруулан үзүүрийг дугуйлан эсрэг талыг нь хоёр талаас нь голруу гурвалжлан нийлүүлж голд нь их биенээс дээш нарийн иш гарган хийсэн байна.

Хадгалагдсан урт 33.5 см үүнээс ишний одоо байгаа урт 10.5 см байна. Халбаганы байгаа өргөн 7.5 см, зузаан 0.8-2.5 см. Үзүүр хэсэг рүү нимгэрсэн байдалтай ба ашиглалтаас үүссэн хагарал ором их байна.

Хүрз хэлбэрийн багажны үзүүрийн хугархай. Үзүүрийг хоёр талаас нь дотогш гурвалжлан шовх үзүүр гарган уг хэсгийг дугуйлан зассан бололтой. Хадгалагдсан урт 27 см, өргөн 8 см, зузаан 2-4 см.

Хүрз хэлбэрийн багажны хугархай. Хадгалагдсан урт 24 см, өргөн 5.5 см, зузаан 4.5 см.  Модон муна. 1. Бүдүүн модны нэг талын үзүүрт дөрвөн талт толгой гарган засаж нөгөө талын үзүүрт нарийн иш гаргажээ. Нийт урт 33 см үүнээс ишний урт 17.5 см байна. Мунаны толгойг дөрвөн тал гарган үзүүрийг шовхлон засаж хийсэн ба толгойн 4 талд дунджаар 5-6 см голчтой гадас мод цохиж байсны хонхорхой ором тод мэдэгдэнэ. Мунаны толгойн урт 15.5 см, өргөн 13 см, зузаан 10 см, ишний голч 5 см. 2. 9 см голчтой бүдүүн модны нэг талыг үзүүрийг ташуулдан цавчиж нөгөө талын үзүүрийг нарийн болгон цавчиж бариул гаргажээ. Их биеийн холтосыг хусаагүй.

Модон лантуу хэлбэрийн багаж. Модны мөчрийг иш болгон их биеийг лантуу хэлбэрт оруулан засаж хийсэн байна. Ишний үзүүрт 17 см урт, 8 см өргөн, 5 см зузаан хэмжээтэй толгой гарган түүний хоёр талыг урт богино хэмжээтэйгээр цохих зориулалт бүхий лантууны хэлбэр гаргажээ. Богино талын үзүүр бахим бүдүүн байхад нөгөө талын үзүүр нарийссан хэлбэртэй байна. Урт талын үзүүр хугарч тал нь алга болсон. Ишийг модны мөчирний холтосыг хусаж үзүүрийг шовхлон хийжээ. Урт 52 см, голч 5 см.

Модон гадас. Модыг цавчин нэг тал руу нарийн үзүүр гарган хийсэн богино бахим гадас. Урт 2: см, голын бүдүүн хэсгийн голч 6 см, үзүүрийн голч 2.5 см. 2. 70 см урт 6 см голчтой нарийн модны нэг талын үзүүрийг шовхлон үзүүрлэж, нөгөө үзүүрийн доод хэсэгт оосор тогтоох ховил гаргажээ.  Нарийн мод.

Зориулалт тодорхойгүй 3 нарийн мод. 1. Урт 65 см, голч 7 см. Нэг талын үзүүрийг ташуулдан нөгөө талын үзүүрийг тэгш цавчсан. 2. Урт 50 см, голч 4 см. Нэг талын үзүүрийг ташуулдан цавчсан. Нөгөө талын үзүүр шатсан оромтой. 3. Урт 72 см, голч 4.5 см. Нэг талын үзүүрийг дугуйлан зассан, нөгөө талын үзүүр цохилтын улмаас хагарчээ.  Урт нарийн модон гадас. Нарийн модны нэг талын үзүүрийг хавтгайлан шовх үзүүр гаргажээ. Урт 120 см, голч 4 см.

Ооль хэлбэрийн модон багаж. Ийм төрлийн багаж нийт 28 ширхэг байна. Модны мөчрийг иш болгон их биеийн ооль хэлбэрт оруулан засаж хийсэн. Ихэнхи багажны үзүүр нь ашиглалтын улмаас эвдэрч хагарсан байдалтай байна. Хамгийн том нь 78 см урт, ишний голч 3 см, ооль хэлбэрийн толгойн хадгалагдсан урт 15 см, өргөн 8 см, зузаан 5 см. Хамгийн жижиг нь 22 см урт, ишний голч 3 см, толгойн урт 10 см, өргөн 3 см, зузаан 3 см. Толгой хэсэг нь хугарч алга болсон нэг ооль хэлбэрийн багажны хугархай 1 ширхэг байна. Ишний голч хэсэгт хугарч цав гарсаныг нарийн сураар ороож бөхөлсөн байна.

Модон багажны хугархай. Нэг талын үзүүрийг хоёр талаас цавчин шовх үзүүр гарган зассан нь мэдэгдэнэ. Нөгөө талын үзүүр хугарч зориулалтыг тодорхойлох боломжгүй болсон. Хадгалагдсан урт 18 см, өргөн 7 см, зузаан 7 см.  Тодорхойгүй модон эдлэлийн хугархай жижиг хэсгүүд нийт 8 ширхэг байна.

Уг хатмал шарил болон дагалдах олдворыг цэвэрлэх цэвэрлэгээний ажил 2018 оны 6 дугаар сарын 28 наас эхэлсэн бөгөөд түүх, соёлын дурсгалт зүйлсийн материаллаг шинж чанарыг тодорхойлж, үүний үндсэн дээр хуучин төрх байдлыг хадгалж үлдээхийг зорин сэргээн засварлах явцыг гэрэл зургаар баримтжуулан ажилласан байна. Энэхүү арьсан дээлтэй хүний занданшсан шарил нь давстай орчинд, өндөрлөг сэрүүн уур амьсгалтай ууланд хадгалагдаж байсан тул маш хуурай, шороо тоосны бохирдол ихтэй боловч хадгалалт маш сайн байсан. Энэ тохиолдолд сэргээн засварлах баг зөвлөлдөж, хуурай цэвэрлэгээ хийх нь тохиромжтой гэж үзэн зохих цэвэрлэгээний ажлыг хийсэн байна. Цэвэрлэгээний ажлыг нүүрэн буюу шарилын урд талаас нь 4-н хэсэгт хуваан хийсэн аж.

Мөн энэхүү олдворыг рентген аппаратанд оруулахад насны баримжаа 24-27 орчим гэж үзсэн бөгөөд дунд чөмөгт яс, тахилзуур ясны уртаар өндрийг баримжаалахад 170-172 см өндөртэй байсан. Ууц, ахар сүүлний хэлбэрээс харахад эрэгтэй хүн байх магадлал илүү өндөр хэмээн дүгнэсэн байна.

Гурван удаагийн давтамжтай үелэх маягаар хуурай цэвэрлэгээ хийхдээ зөөлөн багс, зөөлөн сойзоор үрэх, хулсан савх модоор наалдсан гадны бохирдлыг хөдөлгөх, тор тавьж тоос сорогчоор соруулах гэх мэт механик цэвэрлэгээний аргыг сонгож ажилласан байна.

Цэвэрлэгээний ажлын явцад олдворийн зүүн гарны ядам хуруу, эрхий хурууны хумс хөндийрсөн байсныг арьсан цавуугаар нааж тогтоожээ. Олдворын эсгийгээр хийсэн бор малгай нь дагтаршсан тоос, шорооны бохирдолыг нарийн модон савхаар үрж соруулан цэвэрлэгээг гүйцэтгэсэн аж. Цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэхээс  өмнө олдворын жин 24,66кг байсан ба цэвэрлэгээний дараа олдворын жин 20,06кг болж өөрчлөгдсөн  байна.

Уг дурсгал нь давс бүхий сэрүүн хуурай, хадгалалтын таатай орчинд хадгалагдаж байсан тул хадгалалтын байдал сайн цаашид сэрүүн, хуурай тогтмол орчинд хадгалах шаардлагатай аж. Энэхүү олдворыг аль музейд байрлуулахыг эрдэмтэн судлаачдын судалгааны ажил бүрэн дууссаны дараа шийдвэрлэх юм байна.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

10 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 Жил

za ter bogts bol orchin ueiinh bnaa sudaltai boliod ogoorei

Зочин
Зочин
Reply to  Зочин
5 Жил

Oydol ene ter aan. Iim daavuug odoo hiij l bsiim bh daa. Gui shaldan yvaagui l bh daa.

Зочин
Зочин
5 Жил

Bayrallaa saihan medeelel baina

Зочин
Зочин
5 Жил

тааран шуудай л гээд байхын ямар материалаар,яаж сулжиж онго хослуулсан талаар хэлмээр. эртнии монголчуудын судалгааг хииж чадахгуй гадагш унэт овоо алдсаар

Зочин
Зочин
Reply to  Зочин
5 Жил

хэмжээг нь нарийн хэлж байна даа ххаха

Зочин
Зочин
5 Жил

saihan sonirholtoi medee bn.

Зочин
Зочин
5 Жил

Сайхан мэдээ байна. Гэвч гарчагаа аятайхан тавьж болдоггүй юм уу?
Шүдэн уулнаас олдсон олдвор уйгурын хаант улсын үед холбогдох ажээ ч гэдэг юм уу, монгол хэлтэй хүн ойлгохоор

Зочин
Зочин
5 Жил

Тэр богц бол орчин үeийнл даавуу шиг

Зочин
Зочин
Reply to  Зочин
5 Жил

Ийм таар саяхан болтол сүлждэг байсан .Орос гурилын уут орж ирэхээс өмнө байсан л эд юм.

Зочин
Зочин
5 Жил

Сонин сайхан олдвор байна. Амжилт.

Back to top button
10
0
Would love your thoughts, please comment.x
Close