АН: Ерөнхийлөгч 2019 оны төсөвт хориг тавина гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв


УИХ дахь Ардчилсан нам АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар оролцов. АН-ын бүлэг ажил хаялтаа цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж байгаа боловч чуулган, байнгын хорооны хуралд нэг, нэг гишүүнийг ажиглагчаар суулгаж байгаа аж. Цаашид тавьсан шаардлагад ахиц гарахгүй бол дараагийн алхам хийхээс аргагүй гэдгийг мэдээллийн үеэр онцолж байв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-АН-ын бүлэг чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Ерөнхий сайд, УИХ-ын даргад тавьсан шаардлагаас ахицтай зүйл харагдсангүй. Ирэх долоо хоногт дараагийн алхам руу орохоос өөр аргагүй болсон талаар бүлэг дээр ярилаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг сайд, гишүүд нь хуйвалдан авсан болох нь ойлгомжтой боллоо. Ийм үйл явц өмнө нь гарч байсныг бид санахгүй байна. Тиймээс бүлгийн зүгээс зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй бол хуралдаанд суухгүй. АН-ын бүлэг хуралдаанд оролцоогүй үед улсын төсвийг баталсан. Ингэхдээ гишүүдийн олонх нь оролцоогүй үед баталсан. Эрх баригчид дэгээ зөрчсөн. Зарим байхгүй гишүүдийнхээ кнопыг дарсан. Иймээс цаашид “Ерөнхийлөгч өө 2019 төсөвт хориг тавь” гэдэг уриалгыг гаргаж байна. Ийм өндөр зардалтай төсвийг бид дэмжихгүй.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Нийтдээ 1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давсан байхад зарлагаа танахын оронд -1,9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа нь туйлын буруу юм. Төсвийн алдагдлыг гадаадын зээлээр буюу өрөөр санхүүжүүлнэ гэж байгаа нь Монгол төрийн бодлого биш. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавих байх гэж бүлгийн гишүүд найдаж байна. Хориг тавьсан тохиолдолд 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийн зардлаа хасах хэрэгтэй. Засгийн газрын дотоод хэрэглээнд төсөвлөсөн 270 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх хэрэгтэй. 700 гаруй тэрбум төгрөгөөр цалин тэтгэврийн зардлыг нэмэгдүүлж байгаа. Гэтэл нөгөө талдаа ажлын байрыг нэмэх бодлого алга.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-У.Хүрэлсүхийн Засгийн газар “шатахууны үнийг зах зээлд даатгаад орхилоо, бид оролцохгүй” гэдэг мэдэгдэл хийсэн. Энэ цаг үеэс шатахууны үнэ эрс нэмэгдсэн. Судлаачид бүх зүйлийг зах зээлд даатгавал иргэд хохирдог юм гэж хэлдэг. Оросын Ерөнхий сайд шатахууны үнийн эсрэг хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Гэтэл манай Ерөнхий сайд экспортлогч компаниудад даатгаад орхиж байна. Энэ бол гажуудал бий болж байгааг харуулж байна. Шатахуун экспортлогч хэдхэн компанийн эрх ашгийг дээдэлж байгаа нь том алдаа гэж бид харж байна. Эцсийн дүндээ үйлдвэрлэл, аж ахуй нэгжийн нуруун дээр том ачаа ирнэ. Иргэд ч ядуурна. Шатахууны үнийг сул тавьж байгаа Засгийн газрын бодлогыг бид эрс эсэргүүцэж байна.



