Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсав

Шатахууны үнэ өссөнийг бууруулах шаардлага тавин өнөөдөр иргэд Төрийн ордныг гороолон жагсаж байна. Автомашинтай хийж буй жагсаал өнөөдөр 11.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Өргөний хэрэглээний АИ 92 шатахууны үнэ нийслэлд 2000, орон нутагт 2500 төгрөгт дөхөөд байна. Энэхүү үнийн хөөрөгдлийг эсэргүүцэн жолооч нар өнөөдрөөс эхлэн жагсаж эхлэв. Жагсагчид таван хоногийн турш 07.00-11.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайг тойрч эсэргүүцлээ илэрхийлэх юм. Тэд шатахууны үнэ нэмэгдсэнээр иргэдийн амьдралд хүнд дарамт ирж байна. Үнэ нэмэгдэх бүрт бид хүлцэнгүйгээр тэвчиж байсан. Гэтэл одоогийн үнэ арай өндөр байна. Цаашид бүр нэмэгдэнэ. Түүнээс нь өмнө зогсоохыг хүсч ийнхүү жагсаж буйгаа илэрхийллээ.
Он гарснаас хойш Онцгой албан татварын нэмэгдлээр шалтаглан таван удаа шатахууны үнэ нэмэгдснээр өнөөдрийн байдалд хүрсэн юм. Тухайлбал, он гарах мөчид өргөн хэрэглээний АИ 92 төрлийн шатахууныг 1630 төгрөгөөр борлуулж байсан бол баярын өдрүүдэд тэд нано 92 шатахуун 1890, АИ95 шатахуун 1820, АИ92 1650 төгрөг болгосон.
Онцгой албан татвараа тэглүүлсэн хэрнээ үнээ нэмээд байгаа импортлогчдын дараагийн арга нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг дахин үргэлжүүлүүлэх зорилготой болов уу гэсэн хардлага ч байна. Шатахуун импортлогчид 2011 онд шатахууны үнийг өөрсдийн саналаар 200 гаруй төгрөгөөр нэмсэн. Энэ асуудлыг шийдэхээр Монголбанк, тухайн үеийн Уул уурхайн яам хамтран жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг 2012 оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас шатахуун импортлогч арав гаруй компанид 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаа-тай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан хэдий боловч үр дүнгээ өгөөгүй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа билээ.



