Ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг эхэллээ. Ардчилсан намын бүлэг өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа. Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд “2019 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-аас өмнө батлахаас өөр арга байхгүй учраас өнөөдөр хэлэлцэнэ. Ардчилсан намын бүлгийг чуулганы хуралдаанд оролцох ёстой гэсэн бичгийг хүргүүлсэн байгаа” гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ЖДҮХС-ийн асуудлаа цэгцлэхгүйгээр төсвөө батлаад явах нь зөв үү. Захиргааны хэргийн хуульд өөрчлөлт оруулахдаа МАН дангаараа хэлэлцэх нь бас зөв үү. Ардчилсан нам байхгүй байхад ийм хууль батлах нь зохимжгүй учраас хэлэлцэх асуудлаас хасч өгнө үү” гэсэн горимын санал гаргасан юм. Захиргааны ерөнхий хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн горимын саналаар санал хурааж, нийт гишүүдийн олонх дэмжээгүй учраас энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон юм. Ингээд чуулганы хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байнгын хорооны дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.



