Хугацаа нь дууссан бүтээгдэхүүний хаяг шошгыг өөрчлөн борлуулж байсан зөрчил илэрчээ


Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний шошгыг өөрчлөн борлуулж байсан гэх асуудлаар дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт энэ сарын 4-нд иргэнээс ирсэн гомдлын дагуу улсын ахлах байцаагчид “Ханару” минимаркетад шалгалт хийжээ. Тус шалгалтаар дотоод хяналтын журам мөрдөөгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу нэг сая төгрөгийн шийтгэвэр тогтоосон байна.
Гэтэл энэ сарын 15-нд дээрх мэдээллийг өгсөн иргэн дахин гомдол гаргасны дагуу улсын байцаагчид тус компанийн агуулах болон минимаркетад шалгалт хийхэд БНСУ-аас оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний он, сар, өдөр буюу хугацааг засварласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг нь тогтоогджээ. Хаяг шошгын зөрчилтэй 40 нэр төрлийн 11 сая 648 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжилсэн байна. Үүнээс гадна хугацаа нь дуусаагүй ч хилээр хэрхэн орж ирсэн нь тодорхойгүй 29 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч, ургамлын эрүүл ахуй, хими, хор судлал, хүнд металлын шинжилгээнд хамруулахаар болжээ.
Дээрх бүтээгдэхүүн нь мэргэжлийн хяналтын газарт мэдэгдээгүй, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй, улсын байцаагчдад шалгуулаагүй, хилээр хэрхэн орж ирсэн нь тодорхойгүй байгаа тул хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон байна.
Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэдээс гомдол ирээгүй тохиолдолд мэргэжлийн хяналтын газрын байцаагчид ямар нэгэн байгууллагад шууд орж, шалгалт хийх боломжгүй байдаг аж. Тиймээс хуурамч бүтээгдэхүүн борлуулж байж болзошгүй тохиолдолд иргэн та даруй мэргэжлийн хяналтын байгууллагад хандан өргөдөл, гомдол гаргах шаардлагатай гэдгийг энэ үеэр онцолж байв.



