Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллийн нэгдсэн систем бий болно

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Улсын Их Хурлаас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, улмаар 2025 оны 67 дугаар тогтоолоор уг хуулийн хэрэгжилтийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
Энэхүү тогтоолд эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн хавтаст хэргийг цахимжуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хэрэгсэл ашиглах, хэргийн оролцогчид цахим хавтаст хэргийн материалтай танилцах, хуулбарлан авах ажиллагааг боловсронгуй болгох, улмаар шүүх, эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан.
Уг хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан бөгөөд уг Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин дэд ахлагчаар ажиллаж байна.
Өнөөдөр /2026.04.27/ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Дээрх ажлын хэсгийн дэд ахлагч Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин болон Шүүхийн ерөнхий зөвлөл, И-Монгол Академи, Үндэсний дата төвийн холбогдох удирдах албан тушаалтнуудыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын ашиглаж буй мэдээллийн системийг харилцан уялдуулах, дүн шинжилгээ хийх, өнөөгийн нөхцөл байдал, хүчин чадлыг тодорхойлох, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцлоо.
Сайд С.Амарсайхан уулзалтын үеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын одоогийн ашиглаж буй цахим систем, мэдээллийн сан, программ хангамж, өгөгдөл солилцооны бүтэц, мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөцийн чадавх, техникийн дэд бүтцийн өнөөгийн түвшинд нэгдсэн үнэлгээ хийж, салбарын цахимжилтын бодит нөхцөл байдлыг тодорхойлох ажлыг эхлүүлсэн талаар онцоллоо.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилт нь зөвхөн техникийн шинэчлэл бус, хүний эрх, шударга шүүхээр шүүлгэх эрх, мэдээллийн хүртээмж, процессын шуурхай байдал, төрийн байгууллагын ил тод, хариуцлагатай ажиллагааг хангах эрх зүйн шинэчлэлийн чухал хэсэг болохыг талууд тэмдэглэлээ.
Уг ажлын үр дүнд эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн хавтаст хэрэг цахим хэлбэрт шилжиж, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо шуурхай, найдвартай болохоос гадна хэргийн оролцогчдын эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод, хүртээмжтэй, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



