ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзав

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч, Элчин сайд Яан Браату тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар иргэдийн хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах эрх зүйн орчин, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, худал мэдээлэл түгээхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, хиймэл оюун ухаан болон цахим орчинд бий болж буй шинэ сорилтуудын талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлууд болон өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, олон улсын сайн туршлагыг судлах шаардлагатай байгааг дурдлаа.

ЕАБХАБ-ын төлөөлөгч Яан Браату Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр ахиц гаргаж байгааг тэмдэглэж, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцад техникийн зөвлөгөө, олон улсын сайн туршлагаар үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Талууд хиймэл оюун ухааны технологийн хөгжилтэй холбоотойгоор хүний дүр төрх, дуу хоолойг дуурайлган хуурамч агуулга бүтээх, хүний нэр төр, алдар хүндэд халдах, хувийн мэдээллийг задруулах, олон нийтийг төөрөгдүүлэх зэрэг эрсдэл нэмэгдэж байгааг онцлов.
Түүнчлэн сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлага болон салбарын өөрийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх нь хэвлэлийн эрх чөлөөг хангахын зэрэгцээ олон нийтийн итгэлийг хамгаалахад чухал болохыг онцолж, төрийн хэт зохицуулалтаас илүүтэй мэргэжлийн байгууллагын өөрийн зохицуулалтын үр нөлөөтэй тогтолцоог дэмжих талаар онцлон ярилцав.
Уулзалтын төгсгөлд талууд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, сэтгүүлчийн ёс зүй, худал мэдээлэл болон хиймэл оюун ухаантай холбоотой эрх зүйн шинэ сорилтын хүрээнд мэргэжлийн болон техникийн түвшинд цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802



