Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusХууль эрх зүй

Цахим залилангийн урхи буюу хуурамч линк


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

ГАНЦХАН ЛИНК ДАРААД ТЭТГЭВРИЙН МӨНГӨ “БУДАА” 

Өглөө, орой бүр мэндчилгээ илгээдэг, цэцэгний зурагтай фэйсбүүк хаягтай нэгэнтэй би “найзалсан” юм. Нэлээд хугацааны дараа тэр хаягийн эзэн нь найзын маань ээж байсныг мэдсэн. Харамсалтай нь, эгч маань нэг өдөр олны танил хүний зурагтай хаягнаас ирсэн линкийг “найдвартай” гэж бодон дарчихжээ. Ингээд л хэрэг “мандах” нь тэр. 

Цагаан сар болоход 30 гаруйхан хоног үлдсэн байлаа. Гэтэл тэтгэврийн хэдэн төгрөг нь данснаасаа аль хэдийнэ “алга болсон” байв. “Уйлах ихдэж, инээх багадаж сууна” хэмээн халаглах түүний яриа өнөөдөр олон айлд тохиож буй нийтлэг дүр зураг болжээ. Энэ бол цахим залилангийн ганцхан жишээ.

8.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Цахим орчин дахь залилангийн гэмт хэрэг нэмэгдэж буйтай холбоотойгоор цагдаагийн байгууллага, нийслэлийн прокурорын газар, арилжааны банкууд хамтран 24 цагаар ажиллах шуурхай баг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийн алдсан мөнгөн хөрөнгийг царцаах, хохирлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээллээ.

Албан мэдээллээр, энэ оны нэгдүгээр улиралд 8.5 тэрбум төгрөгийн хохиролтой 1342 гомдлыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс хүлээн авчээ. Үүнээс нийт хохирлын 51.7 хувь буюу 4.4 тэрбум төгрөгт хязгаарлалт тогтоосон байна. Мөн иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх хүрээнд 36 иргэний 343 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ.

Албаны эх сурвалжийн хэлснээр, цахим залилангийн онцлог нь маш богино хугацаанд их хэмжээний мөнгө шилждэгт оршдог. Тиймээс иргэд аль болох хурдан мэдээлбэл банкны системээр дамжуулан тухайн гүйлгээнд хязгаарлалт тогтоож, хохирлыг бууруулах боломжтой аж. Мөн иргэд OTP код болон банкны нууц мэдээллээ бусдад өгөх нь хамгийн түгээмэл алдаа болсныг анхааруулсан юм.

ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ

Иргэн Бат-Эрдэнэ /зохиомол нэр/ “банкны баталгаажуулалт” гэсэн гарчигтай линк дээр дарж, хувийн мэдээллээ оруулснаар данснаасаа таван сая төгрөгөө богино хугацаанд алдсан байна.

Тэрээр “Зүгээр л банкнаас ирсэн юм шиг харагдсан линк байсан” хэмээн ярьжээ. Гар утсанд нь “данс баталгаажуулах шаардлагатай” гэсэн мессеж ирэхэд жинхэнэ банкны мэдэгдэл гэж ойлгож, хавсаргасан линк дээр дарсан байна. Улмаар дансны мэдээлэл болон нэг удаагийн баталгаажуулах кодоо оруулснаас хэдхэн минутын дотор мөнгө нь шилжжээ.

“Би эхэндээ огт сэжиглээгүй. Бүх зүйл яг банкны сайт шиг харагдаж байсан. Харин дараа нь данснаас мөнгө гарсан тухай мессежүүд дараалан ирэхэд л ойлгосон” хэмээн тэр ярьсан байна.

Тэр даруй цагдаагийн байгууллагад хандсанаар дансанд үлдсэн мөнгөн хөрөнгөдөө хязгаарлалт тогтоолгож, хохирлынхоо тодорхой хэсгийг буцаан авах боломж бүрджээ.

ЦАГ АЛДАЛГҮЙ ЦАГДААД ХАНД

Иймд цахим залилан, халдлагад өртсөн тохиолдолд цаг алдалгүй Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 5126-5666 утсанд хандан мэдээлэл өгснөөр алдсан мөнгөн хөрөнгөнд хязгаарлалт тогтоох боломжтой байна. Мөн эх үүсвэр тодорхойгүй линк, хаяг руу нэвтрэхгүй байх, банкны нууц мэдээлэл, OTP кодыг хэнд ч дамжуулахгүй байх, залилангийн шинжтэй үйлдэл илэрвэл нэн даруй мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Цахим залилангийн хохирол богино хугацаанд, их хэмжээгээр үүсдэг. Гэхдээ шуурхай мэдээлэл өгсөн тохиолдолд мөнгөн хөрөнгөд хязгаарлалт тогтоох, цаашдын шилжилт хөдөлгөөнийг таслан зогсоох боломж байдгийг албаныхан онцолж байна.

“Хүн өөрийн биеэр туулж байж хэцүү, хатуугийн үнэ цэнийг ойлгодог” хэмээн өөрийгөө тайвшруулж суусан танил эгч маань энэ оны эхний улиралд цагдаагийн байгууллагад хандсан 1342 иргэний нэг. Энэ тоо цахим орчин дахь хэнэггүй байдал ямар үнэтэй тусдагийг сануулж байна.

Цахим орчинд болгоомжгүй нэг даралт хийхэд олон жилийн хуримтлал үгүй болох эрсдэл ойрхон байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Тиймээс хохирсон хойноо халаглах биш, хашрахгүйн тулд болгоомжилсон нь дээр гэдгийг хүмүүст сануулъя.

Б.БОЛОР

Эх сурвалж: epress.mn


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close