Зам тээвэр, хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлж, 90,8 хувийн саналаар дэмжлээ. Тэрээр УИХ-ын чуулганы хурлын дараа ЗТХЯ-нд ирж ажлаа хүлээж авлаа.
МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин салбарын удирдлагууд, яамны хамт олонд Я.Содбаатар сайдыг танилцуулаад ЗТХ-ийн сайдаар туршлагатай, чадварлаг хүн томилогдож байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр салбарын хууль эрх зүйн хувьд шийдэх тулгамдсан асуудлууд нэлээд цэгцэрсэн гэж үзэж байна. Ойрын үед хийгдэх гол ажил маань 2019 оны төсөв, 2018 оны гүйцэтгэл үр дүнгийн ажлууд байгаа. Салбарынхаа хамт олонтой гар сэтгэл нийлж улс орны болон салбарын өмнө тулгамдсан олон ажлыг бүтээлчээр хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Салбарын хамт олон маань шинэ сайдыгаа дэмжиж гар нийлэн хамтран ажилаарай хэмээн Я.Содбаатар сайдад амжилт хүсэж баяр хүргэлээ.
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар тамга тэмдэг, салбарын бодлогын бичиг баримт, 2019 оны төсвийн задаргаа бүхий хавтаст материалыг хүлээж авсаныхаа дараа салбарын удирдлагуудад хандан ”ЗТХЯ-ны хувьд салбарын хүрээнд шийдлээ хүлээсэн ойрын болон хэтийн олон ажлууд бий. Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа энэ Засгийн газар, МАН хийж хэрэгжүүлсэн ажлынхаа дүнг тавиулна. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийж амжаагүй ажлуудаа амжуулах, тавьсан зорилт амлалтаа биелүүлэх, мөн салбарын бодлогын асуудлуудыг залгамж халаатай үргэлжлүүлэхэд гол бодлогоо болгож ажиллана. Та бүхнийг салбарын мэргэжилтнүүд, удирдлагуудын хувьд хийж хэрэгжүүлж буй ажлууддаа эзэн нь болж хамтарч ажиллахыг хүсье” хэмээн хэллээ.



