
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.08-09.14/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан юм.
Нийт дуудлагын 51 нь объектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр, 1 нь хүчтэй салхи шуурга, 1 нь газар хөдлөлт, 10 нь бусад /гол,усны осол, зам тээврийн осол гэх мэт/ ослын дуудлага байна.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн “Туяагийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 71 км, сумын төвөөс баруун хойд зүгт 29 км/ Улаанбаатар хотоос Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой ачааны автомашин мал мөргөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 02:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Хьюндай портер 2” загварын ачааны автомашин тэмээ мөргөж, зорчигч Ч /30 настай, эрэгтэй/ автомашины бүхээг дотроо хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ



