ГХЯЗТЯ

Хорват улстай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман 2025 оны 7 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд /2025.07.17/ гарын үсэг зурлаа.

Энэ үеэр “АВТОЗАМААР ОЛОН УЛСЫН ЗОРЧИГЧ БА АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХОРВАТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хорват Улсын хооронд 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайдын түвшинд манай улсад хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close