ICCA консорциумын Зүүн болон Хойд Азийн бүсийн бүгд хурал боллоо

Бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, арга туршлагаа солилцож, Харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Зүүн болон Хойд Азийн Ай Си СИ Эй консорциумийн 2025 оны чуулга уулзалтыг Хустайн байгалийн цогцолборт газарт зохион байгууллаа. Зүүн болон Хойд Азийн Ай Си СИ Эй консорциум нь 12 гишүүн байгууллага, хэд хэдэн бие даасан хүндэт гишүүдтэй бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтыг Ай Си СИ Эй консорциум, БНХАУ-ын Шан Шуй Байгаль Хамгаалах Төв, Монгол дахь Үндэсний Газрын Эвсэл, Байгаль орчин ба хөгжлийн ЖАСЫЛ Холбоо хамтран зохион байгуулсан юм. 2026 онд Монгол улсад зохион байгуулах Олон улсын бэлчээр, бэлчээрийн жилийг угтан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаатай уялдаатай холбоотой зохиож зохион байгуулсан тус уулзалтаар байгаль орчноо урт хугацааны турш тогтвортой хамгаалах, ашиг тусыг тэгш, шударга,хуваарилахад орон нутгийн иргэд, уугуул иргэдийн оролцоо дуу хоолойг хангах нь ямар чухал болохыг онцолж байв.
Бүгд хурлын төлөөлөгчид Монгол Улсад ирсэн эхний өдөр Байгаль орчин ба хөгжлийн ЖАСЫЛ Холбооны захирал, CCPN-ний АХ-ын гишүүн, ICCA-ийн Холбооны Хүндэт гишүүн Х.Ыханбай БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, байгууллагынхаа талаар танилцуулсаны дараа цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Энэ үеэр ICCA-ийн Зүүн ба Хойд Азийн бүсийн зохицуулагч, Шан Шуй Байгаль Хамгаалах Төвийн Гүйцэтгэх Захирал Ши Сян Ин хэлэхдээ ”ICCA консорциумын Зүүн болон Хойд Азийн бүсийн бүгд хуралд оролцохоор Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Хустай нуруу байгалийн цогцолбор газарт очиж байгалийн олон сайхан зүйлсийг үзэхээр болсондоо маш их догдолж байна. Энэ удаа Монголд ирэхдээ байгаль орчноо хэрхэн яаж хамгаалдаг, байгаль орчны янз бүрийн асуудлыг яаж шийдвэрлэдэг тухай харж, сонсохыг хүсэж байна. Мөн Ар Монгол болон Өвөр Монгол хоёрын амьдрал ахуй харьцангуй ижил байдаг. Тийм учраас энэ талаар танай орны судалгаанууд ямар байгааг сонсож харьцуулж мэдэхийг хүсэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан билээ.
Хоёр дахь өдрийн үдээс хойш бүгд хурлын оролцогчид Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын заагт орших Хустайн байгалийн цогцолборт газарт байрлах “Хустай” жуулчны баазад хүрэлцэн очсон юм. Зочдыг очиход гадаа хүйтэн салхилж, халуун дулаан газраас ирсэн зочдыг багагүй жиндүүлсэн ч Монголын маань орой жаргах нарны туяанд байгалийн өнгө, монгол ахуй ямар сайхан хосолж байгааг шагшин, даарахыг үл ажран гэрэл зураг авч байв. Оройн хоолны үеэр ирсэн зочид өөрсдийгөө танилцуулж, харилцан халуун дулаан яриа өрнүүлсэнээр энэ өдрийг үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Гурав дахь өдөр ирсэн зочдын үндсэн үйл ажиллагаа эхэлсэн. “Хустай” жуулчны баазын хурлын танхимд зохиогдсон үйл ажиллагааг нээж Байгаль орчин ба хөгжлийн ЖАСЫЛ Холбооны захирал, CCPN-ний АХ-ын гишүүн, ICCA-ийн Холбооны Хүндэт гишүүн Х.Ыханбай хэлэхдээ “Та бүхнийг Монголын улсад хүрэлцэн ирсэнд баяртай байна. Энэ өдөр бид ICCA консорциумын гол зарчим болох уугуул болон нутгийн иргэдийн асуудалд анхаарал хандуулах болно. Бүсийн хурал маань их онцлогтой. Бодит кейс дээр тулгуурлан ажиллана. Ялангуяа БНХАУ-ын болон Монгол Улсын кейс дээр тулгуурлан хуралдана. . Монгол Улсын хувьд бэлчээр дээр тулгуурласан нүүдлийн мал аж ахуй, түүнтэй уялдсан эдийн засгийн эргэлт хүчтэй явагддаг учраас энэхүү бгүд хурлыг зохион байгуулж байгаадаа таатай байна. Түүнчлэн 2026 оны Монгол улсад зохион байгуулах бэлчээрийн жилийн үйл ажиллагааг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаатай уялдаатай холбоотой зохиож байгаа юм. Мөн БНХАУ-ын зүгээс энэхүү хурлыг дэмжиж байгаад баяртай байна. Хустайн байгалийн цогцолбор газарт зохион байгуулж байгаа учир шалтгаан нь биологийн олон янз байдлыг дэмжиж байгаа үйл явдал юм. Нутгийн уугуул иргэдийг дэмжиж ажилладаг, жишиг болсон байгууллага гэдгээрээ их онцлогтой. Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад нутгийн иргэдийн оролцоог онцлон авч үзэх нь маш чухал бөгөөд “Хустай” жуулчны бааз нь ТББ-ын бүтцээр менежмэнтээ зохицуулсан нутгийн иргэдээс бүрдсэн багтай үйл ажиллагаа явуулдаг” хэмээн онцолж байв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван бага хурлыг нээлтийн үеэр “Монголын засгийн газрын нэрийн өмнөөс Монгол нутагт тавтай морилно уу гэж хэлье. Хустай нуруу гэдэг экологийн болон соёлын хувьд их онцлогтой газар нутаг та бүхэн ирсэн байна. Устаж үгүй болсон гэгдэж байсан зэрлэг тахийг 1986 онд Недерланд улсаас эргүүлэн Монголдоо авчирч, Хустай нуруу байгалийн цогцолбор газарт нутагшуулан амьдруулж, өсөн үржиж байгаа газар юм. Цөлжилтийн асуудал нилээн яригдаж байгаа энэ үед ICCA энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаад маш таатай байна. Зүүн хойд Азийн бүсэд дэлхий ертөнцөд нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт биологийн олон янз байдлын асуудлуудыг онцлон ярилцаж байгаад таатай банйа. Бидний ирээдүйд чухал нөлөөтэй энэ асуудлыг хамтдаа ярилцаж, туршлагаа сололиож, шийдэл хайж байгаа нь маш чухал юм. Монгол улсын Засгийн газрын зүгээс улс орнуудыг хамтран ажиллахыг илүү уриалж байгааг хэлэх нь зүйтэй. Стратегийн хувьд хамтран ажиллаж байгаа маш онцгой цаг үе юм. 2026 онд СОР 17 буюу конвенцуудын талуудын бага хурал Монгол улсад зохион байгуулагдана. Бид цөлжилтөөс гадна биологийн олон янз байдалд анхаарал хандуулжу угуул болон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарал хандуулж байгаа. Хустайд цугласан хамтын ажиллагаа маань бидний хамтаараа байгаль эх дэлхийнхээ төлөө нэгдэж байгаа чухал үйл ажиллагаа болж байна. Зөвхөн өнөөдөр гэхгүй ирээдүй хойч үедээ зориулсан чухал арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье” гэв.

Зүүн ба Хойд Азийн удирдах зөвлөлийн гишүүн Жан Инжи хэлэхдээ “ICCA консерциумын нэрийн өмнөөс бүс нутгийн хэмжээний бүгд хуралд тавтай морилно уу. Анхны бүсийн хурал цар тахлын үед зохиогдож, та бид цахимаар уулзаж байсан бол одоо нүүр нүүрээ хараад хуралдаж байгаад баяртай байна. Бид өнгөрсөн хэдэн жилүүдэд олон асуудалтай нүүр тулгарсан. Эдийн засгийн хүндхэн цаг үе тохиож, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал ч хүндэрч байна. Ийм цаг хугацааны хүндрэлтэй үед бие биенээсээ хурдтайгаар суралцаж, юу хийж болох вэ гэдгээ ярилцаж, туршлага солилцож, үйлдлээрээ түүнийгээ харуулах цаг нь болсон. Энэ уулзалт бол бидний бие биенээсээ туршлага солилцох маш том боломж гэж харж байна” гэлээ.

Нээлтийн дараа ICCA Консорциумын Бодлогын зохицуулагч, ICCA Өмнөд Азийн зохицуулагч Неема Патхак Брумын ICCA Консорциумын талаар танилцуулга хийсэн. Тэрбээр хэлэхдээ “2008 онд анх жижигхэн бүтэцтэйгээр эхэлж, 2014 онд хамгийн анхны одоо хандиваа босгож байсан бол 2024 онд 247 байгууллага нэгдэж гишүүнчлэлээр орсон 500 орчим хувь хүмүүсийн нэгдэлээр манай ICCA консорциум бүрдэж, Бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд ажилладаг болсон байна. Бусад сангуудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг босгодог удирдлагын баг бүс нутаг бүрт байгаа. Манай байгууллага байгаль орчныг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаанаас гадна илүү өргөн хүрээнд буюу уугуул иргэдэд хүрч ажиллахад зорьдог. Нутгийн уугуул иргэд нь өөрийн өвөрмөц арга барилаар байгаль хамгаалж амьдардаг. Гэтэл хуулийн хувьд тэд эзэн нь биш ч нутаг ус байгальтайгаа нягт чандмань холбоо үүсгэсэн байдаг. Уугуул иргэдэд албан ёсны хамгаалалтын, газар нутгийн системд багтдаггүй, албан ёсны хууль ёсны эрх зүй ч байдаггүй. Үйл ажиллагааг нь дэмжих хууль эрх зүйн бодлогын зохицуулалт байдаггүй ч нутгийн иргэд байгаль орчноо хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг өөрийн гэсэн үзэл баримтлалтай байдаг. Монголын хувьд ч адил нутгийн иргэдийн байгаль орчноо хамгаалах үйл явц явагдсаар л ирсэн. Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн доройтол зэрэг том асуудлуудыг даван туулахын тулд бид байгаль орчноо хамгаалах хэрэгтэй. Гэтэл Үндэсний цогцолбор. паркуудыг илүү хамгаалан хөгжүүлж хаших ёстой юу гэдэг асуудал яригддаг. Бодит байдлаар нь харвал энэ боломжгүй. Харин нутгийн иргэдтэй хамтарснаар илүү бодитой, өргөн цар хүрээнд ажиллах боломжтой болдог. 134,9 сая куб талбай уугуул иргэдийн эзэмшилд буюу хараа хяналт доор байдаг нь маш том талбай болж байгаа. 21 хувь нь уугуул иргэдийн хараа хяналтанд байдаг учраас эдгээр хүмүүсийн хүчээр дэлхийн байгаль орчин хамгаалагдаж яваа гэж ойлгож болно. 2021 оны байдлаар 46 хувь нь паркийн эзэмшилд хамгаалагддаг. Үүний 26 хувь нь уугуул иргэдийн хараа хяналтад давхацсан байдлаар хяналтад байдаг. Уугуул иргэдийн хамгаалж байгаа энэ газар нь байгалийн олон янз байдалд хүрч ажилладаг гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр Засгийн газраас ганцхан хамгаалалтад авна гэхээсээ илүү уугуул иргэдтэй хамтран ажиллах нь илүү бодитой хүрч ажиллах боломжтой болно. НҮБ-ын конвенциудын хурлаар биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлаар их ярьдаг. Гэхдээ орон нутгийн иргэдийг түшиглэн энэ асуудлуудыг шийдэх нь гол түлхүүр, боломж хэмээн бид үздэг” гэдгийг онцолсон юм.
Хүндэт зочид бага хурлын оролцогчдод хандан үг хэлсний дараа илтгэлүүд тавигдаж, сэдэвтэйгээ уялдуулан дугуй ширээний ярилцлагууд өрнөж, оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авч, үр дүнтэй, ашиг хэрэгч үйл ажиллагаа болсон юм.
Тухайлбал,
- Байгаль орчин ба хөгжлийн ЖАСЫЛ Холбооны Захирал, CCPN-ний АХ-ын гишүүн, ICCA-ийн Холбооны Хүндэт гишүүн Х.Ыханбай “Монгол улсад нутгийн иргэдийн нөхөрлөл, бүлгийн ашиглалт, хамгаалалттай газар нутгийн тухай тойм, үйл ажиллагаа” сэдвээр,
- Ази, Номхон далайн бүсийн Биологийн олон янз байдлын техникийн зөвлөх Лю И “Ази, Номхон далайн бүс нутагт иргэдийн оролцоонд түшиглэсэн байгаль хамгааллын хөгжил” сэдвээр,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон улсын жил”- ийн үйл ажиллагааны төлөвлөгөө. чиглэл” сэдвээр,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг “ТХГН ба нутгийн иргэдийн хамтын ажиллагааны бодлого, эрх зүйн зарим асуудал” сэдвээр
- Бодлого судлалын төвийн захирал А.Энх-Амгалан “Малчдын анхдагч Холбоонд бэлчээр ашиглуулах журмын тухай” сэдвээр,
- Сычуаны Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн төлөөлөл Ли Шэнжи “Хятадын тусгай хамгаалалттай газар нутгийн болон нутгийн иргэдэд түшиглэсэн хамтын менежментийн шинэлэг хэлбэрүүд ” сэдвээр,
- ICCA-ийн Хүндэт гишүүн Д.Ганбаатар “Монгол улсад нутгийн иргэдийн нөхөрлөл, бүлгийн байгаль хамгаалах санал санаачлага, үйл ажиллагаа тойм” сэдвээр,
- Юншаний байгаль хамгаалал төвийн төлөөлөл Ян Лу “Юннаны Гиббоны нутгийн иргэдийн байгаль хамгааллын тухай жишээ судалгаа” сэдвээр,
- Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны сургагч багш Д.Бямбацэрэн “Монгол улсад Малчдын Хоршоо, бүлгийн байгаль орчныг хамгаалах, орлогын тогтовортой эх үүсвэрийг бүрдүүлэх үйл ажиллагааны зарим жишээ” сэдвээр,
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баруун Үзэмчин сумын малчин Баяерту “Өвөрмонголын нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын тухай жишээ судалгаа” сэдвээр,
- БНХАУ-ын Шан Шуй хамгааллын төвийн төлөөлөл Ли Ланси “Панда-ны амьдрах орчинд нутгийн иргэдэд суурилсан хяналт тавих нь” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан.
Хурлын төгсгөлд “Хустайн цогцолборт газар” ТББ-ын тэргүүн Ц.Дашпүрэв Хустайн байгалийн цогцолбор газрын тухай нутгийн танилцуулга хийж, ICCА консорциумын гишүүдийн цахим хуралдаанаар энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Бааг хурлын сүүлийн өдөр оролцогчид Хустайн тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газарт нутагшуулсан зэрлэг тахь, буга, зээр харах аялал хийж, Төв аймгийн Алтанбулаг сумын нутгийн иргэдийн Баянсонгино бүлгийн үйл ажиллагаатай танилцсан.
Бага хурал зохин байгуулагдсан энэ өдрүүд хүйтэн салхитай жиндүүхэн үе таарсан ч малчны хотонд очсон зочид монгол ахуйтай танилцаж, нөхөрлөлийн малчин эмэгтэйчүүдийн гар урлалийн бүтээгдэхүүнийг үзэж сонирхож, худалдан авалт хийсэн. Энэ нь нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг батлан харуулсан таатай мөч байсан бөгөөд монгол хүний халуун дулаан зочломтгой занд талархаж, дахин уулзахын ерөөл тавьсанаар энэ удаагийн бага хурал өндөрлөсөн билээ.
П.Нарандэлгэр




























































































































