

Сая хол давсан хүн амтай нийслэл хотод хөрс, агаарын бохирдол гэдэг томоохон асуудал бий. Тиймээс хотын иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх хамгийн чухал алхам нь мод тарьснаар хөрс, агаарын бохирдлыг бууруулах бүрэн боломжтой юм. Тиймээс Нийслэлийн Байгаль орчны газар, “Ногоон Ази Сүлжээ” ТББ хамтран “Иргэдийн оролцоо-Ойн аж ахуй” сургалтыг Нийслэлийн зургаан дүүрэгт зохион явууллаа.
Уг сургалтаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс үүдсэн хохирлыг бууруулахад ойжуулалтын ач холбогдол, иргэдийн бие даан жимс жимсгэнийн мод, нарийн ногоо тариалалт зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн юм. Энэ сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэний танхимд ээлжит сургалт боллоо. Сургалтын үеэр Монголын жимс жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал “Жимс жимсгэнэ тарьж ургуулах технологи”, Монгол Улсын зөвлөх агрономич Ж.Бяцхандаа “Үрслэг тариалах”, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн судлаач П.Баттулга “Гоёл, чимэглэлийн мод сөөгний төрөл зүйл ба сонголт”, ШУА-ийн Гзаразүй-Геоэкологийн хүрээлэнгийн докторант Г.Батсайхан “Монгол орны уур амьсгалын өөрчлөлт” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.

Тухайлбал, “Монголчууд эртнээс “Хөх далан хальс” буюу “Чонын хэл”-ийг эмчилгээний зориулалтаар буюу цус багадсан болон цус алдсан хүнд их хэрэглэдэг байсан. Тарималжуулсан хэлбэрээр Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнд 40 гаруй сортын хөх далан хальсыг тариалж байгаа. Тарималжуулсан учраас гашуун амт нь арилсан. Хавар тариалахыг хүсвэл очиж үзээд зөвөлгөө аваад өөрийн тарих гэж байгаа газарт тохирохыг нь сонгон авч болно.
Монголчууд байшингаа хашааныхаа баруун хойно буюу нэг талд нь шахаж барьдаг. Араар нь зай үлдээж, хогоо хураагаад тэр зайг зөв ашигладаггүй. Тэгтэл урд хөршүүд хашааныхаа голд байшингаа барьж, тойруулаад ногоо жимсний модоо тариалан газраа бүрэн ашигладаг. Ингэж дөрвөн талдаа тойруулахад талбайгаа бүрэн ашиглах боломжтой.

Буриад улсад гэхэд эхлээд ойн зурвасыг тарьдаг. Ойн зурвас салхины хүчийг 5 дахин бууруулдаг. Ойн зурвасыг нэг эгнээ биш 3-5 эгнээ тарьвал маш сайн. Зурвасны дотор талд дулаахан байна. Улиас, улиангар, монос, хайлаас бургас, шинэс, нарс моддоор ойн зурвас бий болгож болно. Ойн зурваст тарьсан мод хөгшрөөд ирэхэд тэрийгээ түлшинд бэлтгээд дараагийн залуу модыг тариад явдаг. Ойн зурвасандаа жимс тариалж болно. Бороо хур элбэгтэй жилд ойн зурваст мөөг ургадаг. Европын орнууд 4-5 эгнээ ойн зурвас тарьж, хөгширсөн модоороо түлшээ бэлтгэдэг. Модны хожуул дээр мөөг тарьж, хожуул идэгдсээр аяндаа ялзраад дахин шинэ мод ургадаг.

Байгаль цаг уураас шууд хамааралтай амьдардаг манай орны хувьд жимсний мод тариалах бол усалгааг нь заавал шийдэх хэрэгтэй. Усалгааны янз бүрийн аргууд гарсан учраас өөрт ашиглахад боломжтойг нь сонгож аваарай. Магадгүй таны тарихаар авсан суулгацны үндэс хатаж эхэлсэн байвал 3-4 хоног дэвтээж байж тариалах хэрэгтэй” зэрэг зөвлөмж, мэдээллийг өгсөн юм.
Энэ үеэр сургалтад оролцогчдоос сэтгэгдлийг нь сонслоо.
Ч.Хатанбаатар: Хашааны газар багадахгүй, маш их нөөц бололцоо байгааг ойлголоо
Чингэлтэй дүүргийн 14 хорооны иргэн

Өнөөдөр 14 хороон дээр ирж, хашаатай айл болгон ногоон байгууламжийг бий болгох боломж байгааг мэдэж сонслоо. Айл бүр ногоо тариалж, мод ургуулахад газар багадахгүй юм байна. Гоё сургалтад суулаа. Би 14 хорооны хэсгийн ахлагч хийдэг. Өөрийнхөө хариуцдаг 160 гаруй өрхөд бүгдэд нь хэлж дамжуулья, гарын авлагаасаа хэрэгтэй мэдээллүүдийг нь өгье. Айл болгон ногоо жимс тариалахад 270 кг ургац авна гэж байна. Бидэнд маш сайхан нөөц бололцоо байгааг мэдлээ. Түүнийгээ ашиглая. Хашаандаа ч тариалалт хийе гэж бодож байна.
Т.Сүрэн:Мод тарих хэрэгтэй юм байна
Чингэлтэй дүүргийн 14 хорооны иргэн

Гоё сургалтад суулаа. Сайхан сургалт боллоо. Мод тарих хэрэгтэй юм байна гэж бодлоо. Хашаа минь жижигхэн гэлтгүй мод тарих боломжтой юм байна. Энэ хүмүүстэй хамтран ажиллаж зааж зөвлүүлэх хэрэгтэй гэж ойлголоо.
Ц.Нэргүй: Өөрсдийгөө ядаж цөлжилтөөс хамгаалья
Чингэлтэй дүүргийн 11 хорооны иргэн

“Ногоон Ази” Олон улсын сүлжээ ТББ маш хэрэгтэй бйагууллага юм байна. Би ногоо, мод тарьж энэ цөлжилтийн эсрэг бага гэлтгүй ажил хийхийг зорьдог. Тиймээс “Өөрсдийгөө ядаж цөлжилтөөс хамгаалья” гээд хашаа хороондоо тариалалт хийдэг болоод удаагүй байна. Мөн хүнсний ногоогоо эрүүлээр бэлдэж, “эко” бүтээгдхүүн хэрэглэх нь хамгийн эхний зорилт маань байлаа. Ийм сайхан байгууллагыг олж мэдэж, сургалтанд нь суусандаа баяртай байна. Маш их юм мэдэж авлаа. Өөрийнхөө хийж байгаа ажлынхаа алдаа дутагдлыг ч харлаа. Мэргэжлийн хүмүүсээс үнэтэй зөвөлгөө авлаа. Цаашид энэ холбоотой хамтран ажиллаж, алдаагаа засаж өөрийнхөө хийж байгаа ажлаа улам өргөжүүлэхийг хүсэж байна. Би энэ жил анх удаа ногоо тариалсан өргөст хэмхээ хучихаа мэдэхгүй хөлдөөчихлөө. Жимсний мод 30 гаруйг тарьсан, ургац ургахаар сайхан болно оо.
Г.Нацаг: Энэ онд нийслэл орчмын 145 мянган га-г ойжуулсан

Нийслэлийн Байгаль орчны газрын ойн хэлтсийн ойжуулалт , нөхөн сэргээлт,
ашиглалт хариуцсан мэргэжилтэн
-Нийслэлийн хотын байгаль орчны асуудлыг шийдвэрлэх ямар ажлууд хийгдэж байна?
-Нийслэлийн төвийн ногоон байгууламжийн асуудлыг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны хүрээнд хийгддэг. Харин манайх нийслэлийн гадна бүсийн ойн сан бүхий газруудыг хариуцдаг. Энэ газрынхаа хамгаалалт ашиглалт, нөхөн сэргээлтийг хариуцдаг. Энэ жилийн хувьд нийслэлийн ногоон сангаа нэмэгдүүлж, 145 мянга га-д ойжуулалтын ажил хийсэн. Ойжуулсан талбай дахь суулгацыг тарьсан байгууллага нь 3 жилдээ хариуцаж, арчлаад харьяа дүүргүүдэд нь хариуцуулж өгдөг. Суулгац мод 3-5 жилийн хугацаанд байгальд дасан зохицож, цаашид байгалийнхаа жамаар ургах бүрэн боломжтой.
-Энэ удаагийн сургалтын талаар тодруулвал?
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн байгаль орчны газар “Ногоон Ази сүлжээ” ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг 2018 оны 7 дугаар сард байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд төвийн 6 дүүргийн 400-500 орчим хүнд “Агро ойжуулалт”, “Ойжуулалтын ажлыг газар тариалангийн ажилтай хэрхэн хослуулан тариалах вэ”, “Хашаандаа хүнсний ногоог хэрхэн үр ашигтайгаар тариалах вэ” зэрэг сэдвээр сургалт явууллаа.
Иргэд маш ам сайтай байна. Хашаандаа хийх ойжуулалт буюу жимс жимсгэнэ тариалах аргыг их дуртай сонсож, хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлж байна.
-Сургалтаас гарах үр дүнг хэрхэн харж байна?
-Бид энэ сургалтыг практик хэлбэрт оруулан мэргэшүүлэх ажлыг ирэх 10 дугаар сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургалтад суусан хүмүүс практик дадлагандаа давхар хамрагдаад явчихвал цаашдаа жимс жимсгэний аж ахуй, газар тариалангийн аж ахуй, ойжуулалтын ажил хийдэг болно.
Ингээд хашаа болгон ногоон байгууламжтай болчихвол нийслэлд тулгамдаад байгаа хөрсний бохирдол, агаарын бохирдол, дуу чимээг шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ арга ухааныг иргэдийн ухамсарт суулгаж өгөх зорилгоор энэ сургалтыг зохион байгууллаа. Мэдээж цаашдаа агаарын бохирдол буурвал бага насны хүүхдийн өвчлөл багасах боломжтой л гэж бодож байна.


П.Нарандэлгэр



