
Орос хэлний XXVIII улсын олимпиадын гурвын даваа 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр эхэллээ. Олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс оролцож байна. Тухайлбал, 9 дүгээр ангийн төрөлд 66 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 75 сурагч, багшийн төрөлд 58, нийт 199 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөнө. Олимпиад 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, Монгол улсын аварга багш, сурагчид тун удахгүй тодрох болно.
Энэ жилийн олимпиадын гол онцлог бол 12 дугаар ангийн ялагч 6 сурагчийг ОХУ-ын Засгийн газрын зардлаар ОХУ-ын их дээд сургуульд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суралцах эрхийн бичгээр шагнах явдал юм. Ийнхүү Боловсролын ерөнхий газар, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо, “Орос хэлний улсын олимпиад зохион байгуулах олимпиадын дэд хороо”, нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулж буй Орос хэлний улсын олимпиад жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийсээр байгаа билээ.
Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочдоор Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал профессор Н.Мягмарцоож, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч профессор Ц.Магсар, Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн үнэлгээний хэлтсийн дарга Г.Гүррагчаа нар оролцон багш, сурагчдад амжилт хүслээ.