Гадаад харилцаа

Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцов

Мальта Улсын Та Кали хотноо 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохиогдсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 31 дүгээр уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Сайд нарын зөвлөлийн 31 дүгээр уулзалтаар гишүүн орнуудын зүгээс Украины нөхцөл байдал, бүс нутгийн аюулгүй байдал болон хүний эрх, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ тус байгууллагын төсөв, удирдах албан тушаалтнуудын томилгоо зэрэг дотоод асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг уулзалтад оролцох үеэр Монгол Улс ЕАБХАБ-ын үндсэн зарчим, үйл ажиллагааг дэмжиж байгааг нотолж, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хангах, сайн засаглал, авлигатай тэмцэх зэрэг чиглэлээр тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлэв.

ЕАБХАБ нь анх бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг цогц байдлаар авч үзэх, гишүүн орнуудын дунд яриа хэлэлцээг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд манай улс 2004 онд тус байгууллагын хамтын ажиллагааны түнш орон болж, 2012 онд гишүүнээр элссэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close