2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллэ
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлж, төслийн талаарх Засгийн газрын танилцуулга, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцсан.
Иймд хуралдаан хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналаар үргэлжлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг Олон улсын валютын сан 6.5 хувь гэж тооцсон байхад төсвийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 8 хувь гэсэн нь бодитой эсэх, 14 мега төслөө эрх ашгийнх нь үүднээс эрэмбэлж чадах уу хэмээн тодруулсан.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариултдаа, Яамны зүгээс эдийн засгийн өсөлтийг 8 хувиар тооцсон. Энэ өсөлтөөр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 95 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолсон. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ОУВС өмнө нь 6.5 хувь гэж тооцсон ч, 2025 онд 7 хувь болж өснө гэдгийг саяхан зарласан гэлээ. Мөн тэрбээр, Бид ирэх оны эдийн засгийн голлох өсөлтийг уул уурхайн салбарын экспортын хэмжээтэй уялдуулсан. Мөн уул уурхайг дэмжсэн төрийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлуудыг үргэлжлүүлнэ. Эрчим хүч, тээврийн салбарт эдийн засгийн бодит өсөлт өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл ирэх оны эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлогыг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ гэлээ.
Харин Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд нийцүүлж, төсвийн төслийг боловсруулсан. Иймд 14 мега төслийг жил жилийнхээ төлөвлөгөө, төсвийн боломж, төлөвлөлтийн хэмжээнд нийцүүлэн хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын арга хэмжээнээс алийг нь, хэзээ хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал эцэслэн батална. Ирэх жил 3-4 төслийг хэрэгжүүлнэ. Бусад төслүүдийн тухайд зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулах, бэлтгэл хангах хүрээнд байна. Ер нь Засгийн газар ямар чиглэлд илүү үүрэг хүлээх вэ гэдгийг эрэмбэлнэ. Гэхдээ төр, хувийн хэвшилтэйгээ аль болох өрсөлдөхгүй байх зарчмыг баримтална гэсэн хариултыг өгсөн.
Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, орон нутгийг хөгжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдыг орон сууцжуулахад баримталж буй бодлого, тэдгээрийн цалин, хөлс болон ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг төсөвт тусгасан эсэхийг лавлав.
Ирэх жил хөдөө орон нутаг руу чиглэсэн бодлогыг тэлнэ. Бид орон нутагт орон сууц барих дэд бүтцийг нь эрэмбэлж, шаардлагатай асуудалд төрийн зохицуулалт хийнэ. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр ямар асуудлыг нь шийдэж болохыг болон хувийн хэвшлийнхэн орон нутгийн засаг захиргаа, Засгийн газартай хамтран төрийн албан хаагчдад чиглэсэн үнийн бодлоготой, хэрэгжүүлж болох төслүүдийг дэмжинэ. Төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэврийн тухайд холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэж Сангийн сайд хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд төсөв, хөрөнгө тусгасан талаар болон олон улсын стандартад нийцсэн хүнсний лабораторийг шинээр байгуулах боломж бий эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг татварын ачаалал, зээлийн хүүг бууруулах, татварын бааз суурийг тэлэхэд бодлогын ямар арга хэмжээ авахыг лавлав.
Сангийн сайд Б.Жавхлан, 2021 онд төсвийн орлого 14-17 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 33.6 их наяд төгрөг буюу 2.5 дахин нэмэгджээ. Энэ хугацаанд татварын хувь, хэмжээг нэг удаа ч өөрчлөөгүй. Харин татварыг либеральчлах, ил тод байлгах, татварын тайлагналтыг хялбаршуулах, далд эдийн засгийг бүртгэлтэй болгох зэрэг арга хэмжээнүүдийн үр дүнд татварын суурь тэлж, орлого нэмэгдсэн гэлээ.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хариултдаа, Сүүлийн жилүүдэд татварын бодлогын хувь хэмжээг нэмэхээс илүүтэй “Шинэ сэргэлт”-ийн бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тодорхой чиглэлд татварын дэмжлэгүүдийг нэмэгдүүлж байгааг дурдаад, цаашид төрд байгаа мэдээллийн уялдаа холбоог сайжруулж, татварын үйл ажиллагааг цахимжуулснаар татварын бааз суурийг нэмэгдүүлэх, үр дүнд нь бүх нийтээрээ бага татвартай болох бодлогыг баримтална хэмээв.
Мөн ажлын хэсгээс Стандарт, хэмжил зүйн газраас нийслэлд байгаа хүнсний нэгдсэн лабораторийг шинэчлэх, шинээр барих төсвийн төлөвлөлтийг хийж байгаа. 2025 оны төсвийн төсөлд лабораториудад нэн шаардлагатай сантехник болон үндсэн засварын төсөвт 10 гаруй тэрбум, шаардлагатай тоног, төхөөрөмжийн төсөлд 15 тэрбум төгрөг тусгаад байна. Түүнчлэн шинэ лабораторийн барилгын газар болон зураг төслийн төлөвлөлтийн төсвийг тусгасан бөгөөд 2026 оноос барилгын ажлыг эхлүүлнэ гэсэн тайлбарыг өгөв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан ирэх жил гадаад зээлийн хүүд 1.3 их наяд, үндсэн зээлийн төлбөрт 1.7 их наяд төгрөгийг зарцуулахаар тусгасныг дурдаад цаашид төлбөрийн дарамтууд хэр хэмжээтэй болохыг тодруулсан.
1990 оноос хойш хуримтлагдсан Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөр Сангийн сайдын багцад ордог. Ирэх жилийн хуримтлагдсан төлбөр, зээлийн хүү 1.3 их наяд, үндсэн зээлийн төлбөр 1.4 их наяд төгрөг байна. Мөн үндсэн зээлийн төлбөрт гаргаж буй эх үүсвэр 1.9 их наяд төгрөг болно. Эдгээр нь 500 тэрбум төгрөгөөр давж байгаа бөгөөд үүнийг зээл, бондын төлбөрт урьдчилан төлөх боломжтойг Сангийн сайд тодотгоод 2026-2028 онуудад энэ хэмжээ нэмэгдэхгүй гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Монгол Улс эрчим хүчний салбарын эх үүсвэрийн дутагдалд орсныг дурдаад, 2025 оны төсвийн төсөлд есөн төсөл тусгагдсаны найм нь дулааны шугам сүлжээ, нэг нь Налайхын дулааны цахилгаан станцыг 180 МВт-аар өргөтгөх төсөл л тусгагджээ. Гэтэл цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэг МВт-аар ч нэмэгдүүлэх төсөл тусгагдаагүйд анхаарах шаардлагатай гэж байлаа.
Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл нь Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 51 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.