Н.Эрдэнэ: Спорт Арена төрлийн циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо толилуулж буй 6 дахь улс боллоо
Циркийн урлаг нь хэн бүхэнд баяр баясал, инээд хөөр бэлэглэн гоо сайхан, дуу хөгжим, хүн амьтдын харилцаа, гэрэлтүүлгийн гайхамшиг гээд урлагийн олон төрөлт үзүүлбэрийг нэг дороос мэдрэх боломж олгодгоороо урлагийн бусад төрлөөс ялгарч чаддаг.
Тэгвэл “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” олон улсын циркчидийн хамтарсан цоо шинэ тоглолт 2024 оны 10-р сарын 5, 6, 12, 13, 19, 20, 26, 27-ны өдрүүдэд зөвхөн БЯМБА, НЯМ гарагуудад AIC STEPPE ARENA – Мөсөн ордонд зохион байгуулагдахаар бэлтгэл ажил нь бүрэн хангагдсан тухайгаа зохион байгуулагчид онцолж байна.
“ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” хос манежтай тоглолтонд АНУ, ХБНГУ, БНХАУ, БНУУ, ОХУ зэрэг 9 орны жүжигчид хүрэлцэн ирэх бөгөөд нийт 100 гаруй уран бүтээлчид оролцох юм. Тоглолтын найруулагчаар ОХУ-ын Москва хотын Төв циркийн найруулагч Дмитрий Чернов уригдан ажиллах бол ерөнхий продюсерээр ОУ-ын циркийн шүүгч Н.Эрдэнэ ажиллаж байна.
Найруулагч Дмитрий Черновын найруулан тавьсан үзүүлбэрүүд нь олон улсын тэмцээнүүдээс томоохон шагналуудыг тогтмол хүртдэгээс гадна түүний найруулсан циркийн үзүүлбэрүүдийн хүрээнд олон жүжигчид шагнал хүртэж байжээ.
Тэгвэл тоглолтын Ерөнхий продюсер Н.Эрдэнийн тухайд циркийн менежер, продюсерээр тасралтгүй 20 орчим жил ажиллаж байна. 2013 оноос МЦХТ-ийг үүсгэн байгуулж Монголын циркчидийг олон улсын уралдаан тэмцээнд 55 удаа оролцуулж, нийт 45 Алт, Мөнгө, Хүрэл цом авсан байна. Тэрбээр 2013 онд циркийн шилдэг шоу тоглолтоор “Гоо марал” шагналын эзэн болж байсан бөгөөд Монгол улсаа төлөөлж олон улсын циркчидийн тэмцээнд шүүгчээр ажиллаж байгаа юм.
“Дэлхийн цирк Монголд” тоглолтын санаачлагч, продюсер Н.Эрдэнэ “Гадаадын улс оронд очоод үзэх тэр бүр боломжгүй тоглолтыг хэрхэн Монгол үзэгчдийн таашаалд нийцүүлэн хийх вэ гэж нилээн хэдэн жил бодсон. Яагаад моод Монголоор дуусдаг гэдэг үгийг урлаг уран сайханд хүртэл мэдрэх ёстой билээ. Хэн нэгэн нь хийхгүй бол тэр бүх боломжийг үзэгчид маань мэдрэхгүй алдана гэдэг харамсалтай санагдсан. Өнгөрсөн 4-р сард “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” тоглолт гадаадын болон дотоодын 250 гаруй уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр нийт 20 удаа тоглон Монголын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тус тоглолтонд сургуультай арслан, бар болон ховор үүлдрийн пудель нохойнууд ирж тоглож байсан билээ.
Хэдийгээр бид 2013 оноос хийсээр ирсэн “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” тоглолт маань нэг манежтайгаар аль хэдийн үзэгчдээс өндөр үнэлэлт авсан ч өөр л зүйл хүсээд байсан юм.
Ингээд анхны спорт арена олон улсын циркчдийн “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” тоглолтыг Монгол улсад нутагшуулах ажил маань 2022 онд Буянт Ухаа спортын ордонд эхэлж, 2 өдөр 6 удаагийн тоглолтоор 35.000 үзэгчид үзсэн нь зөв ажлаа эхлүүлжээ гэсэн бодлыг минь бататгасан.
Харин одоо бид шоу тоглолтоо хос хоёр манежтай болгож гадаадын орнуудад аль хэдийнэ түүхэн замналаа эхлүүлсэн төрлийг сонгож Монгол үзэгчиддээ зориулан хөгжүүлж эхлэхээр шийдсэн. Ингээд AIC STEPPE ARENA мөсөн ордонд “Дэлхийн цирк Монголд” төслийнхөө 10 жилийн ойн баярт зориулан цоо шинэ өнгө төрх, хөгжим, хувцас гээд бүгдийг хийж Монгол улсад анхны циркийн хос хоёр манежтай шоу тоглолт 2024 оны гуравдугаар сард жинхэнэ “бут” авсан.
Харин энэ удаа Монголынхоо үзэгчдэд дахин нэг цоо шинэ шоу тоглолтоо толилуулахад бэлэн болоод бэлтгэл ажилдаа ороол байна. Мэдээж бүгд шинэ, тэр тусмаа дэлхийд цор ганц баавгайнуудын үзүүлбэр. Сургуультай баавгайнуудын үзүүлбэр нь Монте Карлод болсон ОУ-ын А зэрэглэлийн тэмцээнээс МӨНГӨН ЦОМ хүртэж байсан билээ. Уг үзүүлбэрийн онцлог нь ОХУ-ын алдарт Юрий Никулины нэрэмжит улсын төв циркийн жүжигчид, удирдан тоглуулагч ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудряцева бөгөөд дэлхийд цор ганц машин, мотоцикл, унадаг дугуй, скүүтэр унадаг баавгайнууд үзүүлбэр үзүүлдгээрээ онцлогтой.
Тодотгоход, “ДЭЛХИЙН ЦИРК” Олон Улсын Циркийн хамтарсан тоглолт нь дэлхийн маш цөөн оронд тоглогддог Циркийн Спорт Арена төрөлд багтдаг юм. Тухайлбал АНУ, Канад, Герман, Франц, ОХУ гэсэн орнуудад зохион байгуулагддагаараа дэлхийд танигдсан билээ. Тэгвэл Монгол улс циркийн энэхүү хэлбэрийн тоглолтыг буюу Спорт Арена төрлийн циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо авчирч, циркэд хайртай үзэгчиддээ толилуулж буй 6 дахь улс орон болоод байна. Та бүхэн тавтай морил” гэв.