УИХFocus

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хууль батлагдлаа

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ хуралдаанаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу хуралдааны эхэнд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар эхэллээ. Ингээд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдах Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг эцэслэн батлах санал хураалтыг тус бүрд нь явуулж, шийдвэрлэв.   

Түүний дараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн  эцэслэн баталлаа.  Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрээр нь уншиж, бүхэлд нь батлах санал хураалт явуулснаар хуулийн төсөл батлагдлаа.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг тус хорооны дарга Д.Батбаяр танилцууллаа.

Тэрбээр, Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд аудит хийж Улсын Их Хуралд ирүүлсэн дүгнэлтээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого болон тусламжийн дүнг 23 их наяд 294.9 тэрбум төгрөг, нийт зарлагыг 22 их наяд 509.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 785.9 тэрбум төгрөгийн ашигтай буюу эерэг үзүүлэлттэй байгааг баталгаажуулсан. Түүнчлэн, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд тусгасан эдийн засгийн үзүүлэлтүүдийг тухайн жилийн төсвийг батлахдаа өөрчлөлт оруулж байгаад анхаарал хандуулахыг толилуулсан байна. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг татвар төлөгчөөс татварыг үл маргах журмаар хураан авч бүрдүүлсэн төсвийн орлогыг нөгөө талдаа улсын төсвөөс үр ашигтай захиран зарцуулж байгаа эсэх, төсвийн зардал нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа эсэх, үр ашиггүй урсгал зардлыг үе шаттай бууруулах арга хэмжээний талаар, зогсонги байгаа төсөл хөтөлбөрийг дуусгах арга хэмжээний талаар, Монголбанкны болон төрийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тодорхой тусгах, хэрхэн оновчтой удирдах талаар,  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Байнгын хороодын санал, дүгнэлтэд тусгасан саналыг нэгтгэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, Ирээдүйн өв санд төвлөрүүлэх орлогыг дутуу төвлөрүүлсэн эсэх талаар, гадаад зээл, тусламжийн санхүүжилт 80 хувьтай байтал явц нь 40 хувьтай байгаа шалтгааны талаар, төсвийн байгууллагын болон төрийн өмчит компаниудын өр, авлага нэмэгдсэн шалтгааны талаар, Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалтай байтал өглөг нэмэгдсэн шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал уул уурхайн биржийн үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэж байгаа эсэх, төсвийн байгууллагуудын чиг үүрэг оновчтой байгаа эсэх, төсвийн нийт зардлын өсөлт нь Төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлага хангаж байгаа эсэх, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төлөвлөлт зөв эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад илэрсэн зөрчлийн талаар, төрийн албан хаагчийн цалингийн тогтолцоог олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх талаар, ажлын байр нэмэгдүүлэх татварын бодлогыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар төрийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах талаар баримталсан бодлогын талаар, аудитын “Хязгаарлалттай” дүгнэлт авсан төсвийн ерөнхийлөн захирагчдад тооцсон хариуцлагын талаар, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Чингис хаан, Капитал банканд байршуулсан асуудлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хариуцлагын талаар; Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа аудитын байгууллагын гаргасан дүгнэлтээр төсвийн сахилга бат алдагдсан эсэх, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй захиран зарцуулсан асуудлын талаар, гадаадын зээл, тусламжийг ашигласан төсвийн ерөнхийлөн захирагчид үр дүнгээ тайлагнадаггүй талаар, концессын эргэн төлөлт, хэрэгжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан албан бичгээр Монгол Улсын 2022 оны гүйцэтгэлтэй холбогдуулан сөрөг буюу хязгаарлалттай төсвийн ерөнхийлөн захирагч нарт зохих арга хэмжээ авсан эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно. Дэд хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа төсвийн захирагч нар дахин алдаа дутагдал гаргахгүй байхыг анхаарах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулсан асуудлыг түргэн шийдвэрлэх, активын удирдлагын болон дотоод аудитын хуулийг бий болгох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улсын болон орон нутгийн төсвөөр баригдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төсөл, хөтөлбөрийг улсын төсөвтэй уялдуулан хэрэгжилтийг бүрэн хангах, Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хүрэх үр дүн бодитой хэрэгжсэн эсэхэд анхаарч хөгжлийн төлөө хамтран ажиллах шаардлагатай талаар үг хэлсэн болно. “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, аудитын дүгнэлтээр томоохон төрийн өмчит компаниуд, их, дээд сургуулиудад “Хязгаарлалтай” гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс Монголын их, дээд сургуулиудад менежментын шинэчлэл хийх цаг болсныг харуулж байгаа тухай сануулаад асуулт асуусан. Тэрбээр “Засгийн газрын тусгай сан буюу хамгийн их зөрчилтэй Боловсролын зээлийн сангийн 120 тэрбум төгрөгийн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн аудитын дүгнэлт гарсан байна. Ямар учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв. Гадаадад суралцахаар авсан зээлээ төлөөгүй бол Монголбанкны хар жагсаалтад ордоггүй, зөвхөн дотоодод суралцаад зээлээ төлөөгүй бол хар жагсаалтад ордог хэмээн аудитын дүгнэлтэд дурдсан байна. Яагаад ийм шударга бус байна вэ” гэж асуусан.

Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлтийн талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас энэ талаар арга хэмжээ авч чадахгүй өдий хүрсэн. Тиймээс Ажлын хэсэг гарч ажиллаж, зээлүүдийг эргэн төлүүлэхээр ажиллана. Өнөөдрийн байдлаар 10-аас дээш жил төлөөгүй 502 зээлдэгчийн 48 тэрбум төгрөгийн авлага байна. Цаашид Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй, шударга байхад чиглэсэн реформын шинжтэй шинэчлэл хийнэ, нэн тэргүүнд зээлийн төлүүлэх арга хэмжээг авна” гэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, “Авлига” гэх хорооллын асуудал сүүлийн үед олны анхааралд орсоор удлаа. Энэ барилгыг нураахаар захиргааны эрх зүйн акт тавьсан боловч хэрэгжихгүй байна гэсэн тайлбар тавьж байна. Хууль бус техникийн нөхцөлтэй байсаар байтал яагаад хэрэгжихгүй байна вэ хэмээн асуусан. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Г.Дамдинням гишүүний асуултыг дэмжиж, энэхүү барилгын асуудлыг холбогдох байгууллагууд шалгаад 14 хоногийн дараа эргэж мэдээллэхийг үүрэг болгов. Мөн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулах болно гээд салбарын сайд, хотын удирдлагууд хууль бус энэ үйлдэлд анхаарал хандуулах чиглэл өгөв. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Энэ хорооллын барих зөвшөөрөл олгосон нь албан тушаалын асуудал болж хувирч байна. АТГ-аас бас оролцох ёстой. Захиргааны хэргийн шүүх дээр шийдвэрлэгдэхгүй удаж байна. Гагцхүү хуулийн процессийн саатлаас болж, иргэд хууль ёс гэж хаана байна, шүүхийн шийдвэр биелэхгүй байна гэсэн бухимдлыг үүсгээд байгаа хэрэг.  Захиргааны хэргийн шүүхэд ганц “Аква гарден” хороололтой холбоотой хэрэг шийдэгдэхгүй байгаа бус олон хэрэг гацсан байна. Энэ талд зохих судалгаа хийж ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын хэлснээр Ажлын хэсэг гаргаад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллая” гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Ундрам, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг нарын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул холбогдох тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close