Нийслэл

Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулна

Нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр дэд төвийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг гадаадын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломж бүрдэж байгаа. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулж, 12 мянган айлын орон сууц, нийгмийн барилга байгууламж, явган зам, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг байгуулахдаа гадаад зах зээлээс хөрөнгө босгож гүйцэтгэхээр төлөвлөөд буй. Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэснээр хямд өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой. 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Сэлбэ дэд төв төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг барилгажуулах ажлыг төлөвлөөд буй. Энэ ажилтай холбогдуулан бид өнгөрсөн хавраас гадаадын хөрөнгө оруулагчидтай шат дараатай уулзалтыг зохион байгуулж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид аливаа төслийн байгаль, нийгэмд үзүүлэх ач холбогдолд анхаарал хандуулах болсон. Сэлбэ дэд төвийн хүрээнд гэр хорооллын 12 мянган өрх орон сууцанд хамрагдана. Тэр хэрээр яндангийн тоо цөөрч, агаар орчны бохирдол, хөрсний бохирдол буурах боломжтой. Зөвхөн төсөл хэрэгжих газарт байгаа айл өрхүүд бус төсөл хэрэгжих талбайн ойр орчмын суурьшлын бүсэд амьдарч буй айл өрхүүд ч уг төсөлд хамрагдах боломжтой. Сэлбэ дэд төв төслийн хүрээнд хийгдэх ажлууд нь нийгэмд үзүүлэх ач холбогдол өндөр. Тиймээс хөрөнгө оруулагчид манай төслийг сонирхож, дэмжиж байна” гэв. 

БНХАУ-ын “Инвестмент Банкны захирал Бэн Ван “Бид өнөөдөр нийслэлийн засаг даргын орлогчтой уулзаж, Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил болоод хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр бид Сэлбэ дэд төвийн төсөлтэй танилцлаа. Улаанбаатар хотод дэд төвүүдийг барьж байгуулснаар авто замын түгжрэл буурч, агаар орчны бохирдлыг бууруулах боломжтой учраас бид үүнийг ногоон төсөл гэж харж байна. Тиймээс бидний хувьд ногоон төсөлд хөрөнгө оруулалтыг хийхдээ таатай байх болно” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close