“Торгоны зам-2024” олон улсын бартаат замын уралдаанд 30 орны тамирчид оролцлоо
Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам-2024” /Silk Way Rally/ олон улсын бартаат замын авто ралли уралдаан энэ сарын 9-15-нд боллоо. “Dakar rally”-гийн дараа орох, бартаат замын тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийн уралдааныг 2009 оноос хойш зохион байгуулж байгаа юм.
Монгол орны нутаг дэвсгэрийг дамнан хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан энэ удаагийн уралдаан ОХУ-ын Томск хотоос эхэлж, Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтрэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн газар нутгийг дайрч Улаанбаатар хотод барианд орох маршрутаар болов. Нийт 5500 орчим км замыг туулжээ.
“Торгоны зам 2024” авто раллид оролцохоор 278 тээврийн хэрэгсэлтэй, 752 хүн Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын боомтоор орж ирсэн бөгөөд тус уралдаанд 30 орны 111 тээврийн хэрэгсэл гараанаас гарчээ.