Хууль эрх зүй

ХЗДХЯ: Мансууруулах эмтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх ялын бодлогыг чангаруулна

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай” хуулийн нийт 12 бүлэгтэй төсөл батлагдсанаар: 

  1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, түүний зорилт, хэрэгжүүлэх үндсэн зарчим тодорхой болно. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдал хангагдаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
  2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой бүх үйл ажиллагааг төрийн хяналтад авч, уг үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сэргээх журмыг хуульд тодорхой тусган, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хийдлийг арилган, үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлагыг тодорхой болгоно.
  3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журмыг тодорхой болгож, энэхүү үйл ажиллагаанд эрэлч нохой болон орчин үеийн шаардлагад нийцсэн, өдөр тутам ашиглахад хялбар, найдвартай, өртөг зардал багатай тоног төхөөрөмжийг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдон шийтгүүлж байсан этгээд суллагдсаны дараа тодорхой хугацаанд хяналт тогтоох, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг бий болгоно.
  5. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, мансуурах донтой хүнд стандартад нийцсэн эрүүл мэнд, нийгэм хамгааллын тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донг эрт илрүүлэх, эмчлэх, хяналтад авах, нийгэмшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах зохицуулалт бий болно.
  6. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мансуурах донг эмчлэх шинэ арга, ажиллагааны талаарх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нэмэгдэнэ.
  7. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх арга хэмжээг оновчтой зохион байгуулах, үр дүнг үнэлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээнд тогтмол судалгаа, мониторинг хийх мэдээллийн нэгдсэн цахим сан бий болно.
  8. Мансууруулах эм худалдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын зарцуулсан, худалдан борлуулсан эм, бэлдмэлийн тоо хэмжээ, зориулалтад хяналт тавих, тайлагнах журам хуульчлагдана;
  9. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангаруулна.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close