Энэ сардЭрүүл мэндФото сурвалжлага

“Орбис”-ынхон Монголын 900 гаруй хүүхдэд орчлонг харах мэлмий хайрлажээ

Монгол Улсад харааны бэрхшээлтэй 16 мянган иргэн байдаг. Харин дэлхийд сохор буюу сул хараатай 253 сая хүн бий. Сохор буюу сул хараатай хүмүүсийн 75 хувь нь эмчлэгдэх боломжтой ч ихэнх нь бага, дунд орлоготой улсад амьдардаг тул шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй ажээ.

Тиймээс дэлхий нийтэд тулгамдаж буй уг асуудлыг шийдвэрлэх, зорилгоор “Орбис” нүдний нисдэг эмнэлэг “MD-10” агаарын хөлөгт байрлан олон улсад нүдний эмчилгээний чиглэлээр сургалт, судалгаа, эмчилгээ үзүүлдэг юм. Тус эмнэлэг ЭМЯ-ны урилгаар Улаанбаатар хотноо найм дахь удаагаа ирээд байна.

Орбис эмнэлэг нь олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд 1982 оноос хойш 35 гаруй жилийн турш бид эмчлэгдэх, эдгэх, урьдчилан сэргийлэх боломжтой нүдний эмгэгээс нэг ч хүн хараагүй болох ёсгүй хэмээн итгэдэг бөгөөд энэ дэлхий дээр зайлс хийж болох сохролыг устгахын төлөө 90 гаруй оронд ажилладаг юм.

Энэ сарын 12-30-ны өдрүүдэд манай улсад ажиллах бөгөөд хөтөлбөрийн эхний долоо хоногт ЭХЭМҮТ-д хүүхдийн болор цайх өвчин, хялар, нүдний нөхөн сэргээх, дутуу нярайн торлогийн эмгэгийн сургалт явуулах юм. Хоёр дахь долоо хоногт Нисдэг нүдний эмнэлгийн агаарын хөлөг дотор симуляторт дадлагын сургалт, сүүлийн долоо хоногт Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт насанд хүрэгчдийн болор цайх өвчин, нүдний даралт, торлогийн эмгэг  зэрэг өвчний сургалт явуулах юм байна.

МD-10 агаарын хөлөгт байрлан, хамгийн орчин үеийн, дэлхий даяар 3D мэс заслыг шууд дамжуулах боломжтой бүрэн магадлан итгэмжлэгдсэн Нүдний нисдэг эмнэлэг нь 1989 онд анх Монгол Улсад айлчилсан түүхтэй. 2015 оноос Монгол Улсын хэмжээнд хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг үзүүлдэг ЭХЭМҮТ, 5 аймгийн эмнэлэгт харааны хугарлын гажиг, харааны үзлэг, хялар, мохос хараа, хүүхдийн мэс засал, ДНР-ийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой үндэсний хэмжээний, олон жилийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Орбис эмнэлэг нь сүүлийн жилүүдэд Монголын 23 мянга гаруй хүүхдэд нүдний урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 11 мянга гаруй хүүхдэд эмийн эмчилгээ, 912 хүүхдэд мэс засал хийжээ. Энэ удаа 256 эмч мэргэжилтнийг сургахаас гадна 225 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Орбис нүдний эмнэлэг манай улсад ирж байгаа нь Монголчуудын хувьд томоохон баяр юм. Учир нь өнгөрсөн хугацаанд тус эмнэлгийхэн Монголын 66 мянган хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байдаг. Түүнээс 2,508 дутуу төрсөн нярай хүүхдэд үзлэг оношлогоо хийж, 272 хүүхдэд эмнэлгийн тусламж үйүлчилгээ үзүүлсэн. Үүний ачаар тэдгээр хүүхдүүд өнөөдөр хорвоо ертөнцийг харах хос мэлмий хайрласан.

Цаашид Орбис эмнэлгийхэн Монгол Улсад нүдний чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллах сургалтыг эмнэлэг дээрээ, онгоцон дотроо явуулах боломжийг бүрдүүлж байна. 2014 оноос Орбис эмнэлгийнхэн Монгол Улсад төсөл хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд ЭХЭМҮТ мэргэжлийн эмч мэргэжилтнүүдээр хангагдаж, орчин үеийн тоног төхөөрөмжтэй нүдний тасагтай болсон.

Мөн Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон зэрэг таван аймагт хүүхдийн харааг хамгаалах төсөл хэрэгжүүлж байна. Энэ удаа Монгол Улсын нүдний чиглэлийн 256 эмч мэргэжилтнийг бэлдэхээс гадна 225 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Үүний 100 гаруй нь хүүхэд гэдгийг дуулгахад таатай байна” гэв.

 Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Н.Хүрэлбаатар Эрүүл мэндийн сайдын урилгаар хүрэлцэн ирсэн Орбис олон улсын эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Орбис эмнэлгийн ерөнхийлөгч Жон Ранк: “Нисдэг нүдний эмнэлэг нь 1989 оноос хойш нийт 7 удаа хөтөлбөр хэрэгжүүлсэн. Орбисын хойд Азийн салбар 2014 оноос урт хугацааны үйл ажиллагаагаа Улаанбаатар хотод эхлүүлж, ЭХЭМҮТ ба 5 аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах 5 жилийн төсөл хэрэгжүүлж байна. Хүн бүрийн анхаарах асуудал нь хүүхдийн харааны саажилт болон нэн шаардлагатай урьдчилан сэргийлэх үзлэг юм. Эдгээрийг олон улсын жишгийн дагуу Монгол Улсад төлөвшүүлэн, нутагшуулахад энэ төсөл маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа. Ялангуяа дутуу төрөлттэй нярай хүүхдийн харааны эмгэгээс эхлээд нүдийг нөхөн сэргээх гэх мэт мэс ажилбарыг хийх чадавх бүрдэнэ” гэв.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын иргэдийн 50-иас дээш насныхны дунд харааны асуудалтай 30 мянга гаруй иргэд байдаг ажээ. Мөн насанд хүрэгчдийн дунд болрын цайлт, нүдний даралт ихсэх өвчин, эвэрлэгийн бүдэгшил, чихрийн шижингийн хүндрэл зэрэг нь сохорлын тэргүүлэх шалтгаан болдог ажээ.

Учир нь Ази болон Африкийн иргэд хараагүй болох эрсдэл хамгийн өндөрт тооцогддог аж. Тиймээс хараагүй болохоос урьдчилан сэргийлэх нь хамгаас чухал бөгөөд хараа муудсан л бол нүдний эмчид яаралтай үзүүлэхийг зөвлөж байна. Мөн нүдээ хамгаалахын тулд нарны шил зүүж, саравчтай малгай өмсч хэвшвэл зохих аж.

Монгол хүүхдүүдийн дунд хялар, болор цайлт, дутуу нярайн нүдний эмгэг, харааны гажгийн тохиолдол их байна. Хүүхэд хялар харах, самбар дээрх бичгийг муу харах, хүүхэн хараа цайрч харагдах, нүд улайж хавдах, нүднээс нулимс гарах зэрэг зовуурь илэрвэл харьяа аймаг, дүүргийнхээ нүдний эмнэлэгт яаралтай хандаарай.  Эрт илрүүлэх тусам насан туршдаа хараа муутай, сохор болохоос сэргийлэх бүрэн боломжтойг мэргэжилтнүүд сануулж байлаа.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 Жил

Үзүүлчих юмсан .үнэхээр сайн эмнэлэг байна.

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close