“Ингэний айрагны баяр-2024” үзэсгэлэн худалдааны үеэр 202,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ
Өвлийн аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, тэмээн сүргээ өсгөн хамгаалж, үндэсний өв, соёлыг тээж байгаа тэмээчид, малчдаа алдаршуулах зорилготой “Түмэн тэмээний баяр” 25 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Өмнөговь аймаг 160 мянган толгой тэмээ тоолуулж, улсад хамгийн олон тэмээтэй аймаг болоод буйг бэлгэдэн энэ жил “16 түмэн тэмээний баяр” нэрийн дор тэмээний баяраа нэрлэсэн аж. НҮБ-аас 2024 оныг тэмээг хамгаалах олон улсын тэмээн овогтын жил болгон зарлаад байгаа юм. Монгол Улс 2023 онд 473 900 толгой тэмээ тоолуулснаас гуравны нэг нь Өмнөговь аймагт байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Манай аймгаас тэмээчин Д.Жижээ, Х.Гомбосүрэн, Д.Хамар, Ж.Тогтохсүрэн нарын Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд төрөн гарч, тэмээчин Г.Бүд, А.Батбуян, Д.Хүүхэн нар тэмээн сүргээ өсгөн үржүүлж Монгол улсын Гавьяат малчин, тэмээчин М.Мөнхбаян хурдан тэмээний амжилтаараа Монгол Улсын анхны алдарт уяач цол хүртсэн зэрэг амжилт нь бид бүхний бахархал юм. Дэлхий дээр нийт тэмээний 90 хувь ганц бөхт, 10 хувь хоёр бөхт тэмээ эзэлдэг. Тэгвэл дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс. Улсынхаа хамгийн олон тэмээтэй нь Өмнөговь аймаг. Тиймээс бид соёл, уламжлалаа таниулах үүднээс “Түмэн тэмээний баяр”-ыг 25 дахь жилдээ зохион байгуулж байна. Хөдөө аж ахуйн салбараас олон арван эрдэмтэн судлаач төрсний дунд тэмээ судлаач Б.Лувсан, Ө.Эрдэнэбилэг нарын эрдэмтэд хоёр бөхт тэмээний үүлдэр угсааг сайжруулахад нөр их хөдөлмөрөө зориулж байна” гэлээ.
Х.Отгонмөнх: “Түмэн тэмээний баяр”-ыг жил бүрийн хоёрдугаар сарын 1, 2, 3-нд тогтмол зохион байгуулна
Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх “Түмэн тэмээний баяр 1997 онд эхэлсэн. Энэ жил 25 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 2016 онд манай аймаг 1000 тэмээ уралдуулж Гиннест бүртгүүлж байсан. Тэмээний баяр урьд жилүүдэд 3-р сарын 8, 9-нд болдог байсан. Энэ жил уур амьсгалын өөрчлөлт дулааралтай холбоотойгоор хугацааг нь нэг сараар наашлуулсан. Одоо жил бүрийн хоёрдугаар сарын 1, 2, 3-нд тогтмол зохион байгуулна. Өмнөговь аймаг улсын хэмжээнд хамгийн олон буюу 160 орчим мянган тэмээ тоолуулсан баяраа тэмдэглэж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх гол зорилготой олон ажил хийгдэж байна. Жишээ нь энэ жил анх удаа УИХ-ын даргын шийдвэрээр “Тэмээний алдарт уяач” цол энэ жилээс олгож эхэлсэн. Өмнөговь, Баянхонгор аймгийн хоёр залуу улсын алдарт уяач болсон. Мөн энэ жилийн баярт тэмээ бүхий Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгуудаас ирж оролцож байна. Энэ жил нээлтэд ирсэн жуулчид, хүмүүс тэмээ унаж парадад оролцох, тэмээн поло, тором, тайлаг, бүдүүн насны уралдаан, сайхан ингэ, буур шалгаруулах уралдаан өнөөдөр, маргааш хоёр зохион байгуулагдана. Аймгийн төв дээр цагаан сартай холбоотой ингэсний сүүний үзэсгэлэн худалдаан, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэрвэй сумдаас олдсон хадны зургийн үзэсгэлэнг дэлгэн олон нийтийн хүртээл болгоно” гэв.
Н.Энхтуяа: Говь нутагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байгаад баяртай байна
Ө.Эрдэнэбилэг: “Үдийн цай”-ны багцад ингэний сүүг оруулбал хүүхдэд ч, малчдад ч ашигтай
Мал эмнэлгийн ухааны доктор, малын эмч Ө.Эрдэнэбилэг “Монгол Улсын тэмээ 890 орчим мянган толгой болж өсөж байсан. Зах зээлийн шуурганд нэрвэгдэж тэмээн сүргийн ашиг шим багасаад, маханд хэрэглэсээр байтал 250 мянга хүртэл хорогдсон. Харин сүүлийн жилүүдэд тэмээний ноос, сүүний ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч, зах зээлийн үнэлэмж сайжирсантай холбоотойгоор тогтвортой өсөж, энэ жил Өмнөговь аймаг 16 түмэн тэмээнийхээ баярыг хийж байна. Тэмээний гол ашиг шим бол ноосон ашиг шим. Тэмээнээс 5 кг ноосыг ашиглах боломжтой байдаг. Сүүлийн жилүүдэд торомны, ингэн тэмээний ноосыг самнаж бэлтгээд, маш нарийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Ноос биш ноолуур нь чанартай. Тиймээс том, том бренд бүтээгдэхүүнийг хийх боломжтой. Мөн сүүн ашиг шимийг мартаж болохгүй.
Ингэний сүү бол дэлхий даяар эрүүл мэндийн бүтээгдэхүүн болж хөгжиж байгаа. Ингэний сүүний эрэлт нэмэгдсэн. Өнөөдөр ингэний нэг литр айраг 20-25 мянгаар үнэлэгдэж байна. Үнэлэмж өссөн. Хүний цусан дахь сахрыг бууруулах, эмчлэхэд сүү нь онцгой ач холбогдолтой учир дэлхий даяар ингэний сүүний эрэлт асар их нэмэгдсэн. Дэлхий даяар ингэний сүүний талаар сурталчилгаа, мэдээлэл сайн явдаг. Гэвч Монголд хараахан тийм биш байна. Манайд ингэний сүүний сүлжээ үүсгэж байж хөгжүүлэхгүй бол говийн нэг малчин сүүгээ хүргэнэ гэхээр тийм ч амар биш. Мөн ЕБС-ийн “Үдийн цай”-ны багцад ингэний сүүг оруулж өгвөл хүүхдүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байхаас гадна малчдын орлогыг нэмэгдүүлэхэд ч тустай гэж бодож байна”.
“Түмэн тэмээний баяр”-т Олон Улсын Тэмээний Холбооны төлөөлөгч Рубэн оролцов
Өмнөговь аймгийн ЗДТГ-аас “Түмэн тэмээний баяр”-т Олон Улсын Тэмээний Холбооны төлөөлөгч Рубэн уригдан оролцлоо. Тэрбээр Испани Улсаас манай улсад анх удаа ирж “Тэмээний баяр”-т оролцсон бөгөөд Монголын соёл, тэмээний соёл гээд бүх зүйл сонин содон туршлага болж байгааг онцоллоо.
Түүнчлэн “Тэмээг мал, амьтан гэж харахаас илүү түүнтэй холбоотой соёл асар их учраас үүнийгээ хөгжүүлээд явбал Монголд асар их нөөц боломж байна. Баярын талаар би өөрийн инстаграмдаа стори, бичлэг оруулахад л маш олон хүн Монголд ирэх хүсэлтэйгээ илэрхийлж бичсэн шүү. Улаанбаатар хотыг жижигхэн хот тосгон гэж л төсөөлдөг хүмүүс их байгаа. Гэвч бодит байдал дээр өөр. “Тэмээний баяр” үнэхээр гайхалтай байна” гэлээ.
Мөн “Түмэн тэмээний баяр”-ыг Австрали улсаас ирсэн Пэдди Макхьюгийн гэр бүл үзэж сонирхож байна. Тэд Австрали улсдаа тэмээний аж ахуйг 50 жилийн турш эрхэлж байгаа бөгөөд улсдаа анх удаа тэмээний уралдааныг санаачлан зохион байгуулсан нь Олон улсын чанартай тэмцээн болж өргөжсөн аж. Монголд тэмээн соёлыг мэдэж, судлахаас гадна тэмээний аж ахуйтай холбоотой ажлууд хийхээр төлөвлөн иржээ. Тэдний хувьд Монголын “Тэмээний баяр” амьдралдаа үзэж байсан хамгийн гайхалтай баяр гэдгийг онцоллоо.
Ханхонгор сумын “Мандах” багийн тэмээчин Б.Баянтөр, М.Алтанзул нар “Сайхан тэмээтэй хос”-оор шалгарав
“Түмэн тэмээний баяр”-ын “Сайхан тэмээтэй хос”-ын тэмцээнд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Мандах” багийн тэмээчин Б.Баянтөр, М.Алтанзул нар тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт тус аймгийн Баяндалай сумын “Наран” багийн тэмээчин П.Хүүбаатар, Д.Энхгэрэл нар шалгарчээ. Дөрөвдүгээр байрыг “Наран” багийн тэмээчин Д.Тогтуунбаяр, Б.Туяацэцэг нар эзэлсэн бол тавдугаар байрт мөн л Баяндалай сумын “Наран” багийн тэмээчин Д.Борхүү, Б.Мөнхцэцэг нар шалгарсан байна. Тэмээний баярын бас нэг анхаарал татдаг зүйл нь “Шилмэл буур”, “Шилмэл ингэ” шалгаруулах арга хэмжээ. Тэмээг өсгөн үржүүлж, тэмээн соёл, спортыг хөгжүүлж, тэмээ маллагааны арга ухаанд гар, бие оролцож байгаа тэмээчдийн хувьд энэ нь ард олондоо хөдөлмөрөө үнэлүүлж буй томоохон ажил байдаг ажээ.
Х.Уянга: Гурвантэс сумаас илэрсэн 7000 гаруй дурсгалаас онцлон үзэсгэлэн дэлгэлээ
Тэмээний баярын хүрээнд Гурвантэс сумаас олдсон хадны зургаар үзэсгэлэн дэглэж, олон нийтийн хүртээл болголоо. Уг түүх дурсгал, хадны сүг зургийн судалгаа баримтжуулалтыг МУИС-ийн Шинжлэх Ухааны Технологийн Улаанбаатар паркийн археологийн судалгааны баг хийж гүйцэтгэжээ.
Тус багийн гишүүн Х.Уянга хэлэхдээ “Манай баг 2016, 2018, 2021, 2023 онд Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган, Сэврэй суманд хайгуул судалгаа хийсэн. 2016, 2018 онд Булган сумын Хавцгайтын хадны зургийн баримтжуулалт, 2018 онд Сэврэй сумын Салхитын ам, Хадан уул зэрэг дурсгалт газруудад хадны зураг баримтжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. 2021 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газар, ирвэс хамгаалах сангийн санаачилагаар Тост, тосон бумбын нуруунд археологийн хайгуул судалгаа хийж гүйцэтгэх, мөн Тост, тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай нутагт түүх соёлын дурсгалт бүртгэн баримтжуулах ажлын хүрээнд тус тос, тосон бумбын нуруунаас 2000 гаруй дурсгал бүртгэгдсэнээс 1200 гаруй нь хадны сүгийн дурсгал байсан.
Үзэсгэлэн дэлгэсэн хадны сүг зургийн хувьд Гурвантэс сумын ЗДТГ болон Өмнөговь аймгийн ЗДТГ санаачлаад Гурвантэс сумын хэмжээнд хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2023 он хавар, намар Гурвантэс сумын Баясах, Гоёот багийн нутагт археологийн болон түүх соёлыг дурсгалын нэгдсэн бүртгэл судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Гурвантэс сумын нутгаас 7000 гаруй түүх соёлын дурсгал, илэрч, олдсон. Үүнээс 5000 гаруй нь хадны зургийн дурсгал, Нийт 5600 орчим хадан дээрх 20 мянга орчин дүр, дүрслэл илэрсэн. Үүнээс сор, онцлог, түүхийн эрт цаг үе буюу чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеэс эхлээд дундад зуун, Монголын үе хүртэлх төлөөлөл болохуйц 100 орчим зургийг үзэсгэлэнд дэглэсэн. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ” гэлээ.
“Ингэний айрагны баяр-2024” үзэсгэлэн худалдааны үеэр 202,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ
“Түмэн тэмээний баяр 2024” арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Ингэний айрагны баяр-2024” үзэсгэлэн худалдаанд 15 сумын үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд оролцож, гурав хоногт нийт 202.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
П.Нарандэлгэр