Гамшгийн эрсдэлийн мэдээллийн сангийн хөгжүүлэлтийг сайжруулна
“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хийгдсэн өгөгдөл мэдээлэл, эрсдэлийн үнэлгээний үр дүн болон бусад улс, орон нутгийн хэмжээнд хийгдсэн гамшгийн эрссдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний үр дүнг иргэд, олон нийт, шийдвэр гаргагчдад нээлттэй хүртээмжтэй байдлаар хүргэх, эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, төлөвлөлт хийх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Гамшгийн эрсдэлийн мэдээллийн сан”-г боловсруулж байгаа билээ.
Дээрх мэдээллийн санг хөгжүүлэх, тогтвортой, байнгын үйл ажиллагааг хангах хүрээнд тус төслөөс ОБЕГ-т сервер болон бусад холбогдох тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Энэхүү мэдээллийн санг хөгжүүлснээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслөөс гаргасан эрсдэлийн дата мэдээлэл, түүнчлэн өнөөдрийн байдлаар ОБЕГ-т ашиглагдаж байгаа гамшгийн холбогдох дата, мэдээллийн санг уялдуулан нэгтгэн ашиглах боломж бүрдэхээс гадна иргэд, олон нийт, хуулийн этгээд нь Монгол Улсад бүхий л түвшинд хийгдсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээ болон бусад холбогдох мэдээллийг нээлттэй хүлээж авах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.