театрFocus

Би ч гэсэн жаргамаар байна, гэхдээ…

Хүний амьдралын утга учир юу юм бэ гэж заримдаа бодогддог юм. Өөрийгөө, эргэн тойрны хүмүүсээ, найз нөхдөө, таньдаг, таньдаггүй олон хүмүүсийн амьдралын тухай бодох бүртээ ямар нэгэн утга учир байх л ёстой хэмээн эрлээ үргэлжлүүлнэ…

Бодох бүрийд хүн гэгч өөрийн зөв гэж бодсоноороо аль эсвэл хүсэл шуналдаа хөтлөгдөж жаргалын төлөө, жаргахын төлөө хичээдэг гэлтэй. Хүн өөрийнхөө хамгийн таатай газраа байх хүсэл, эсвэл хэн нэгний хайрын эзэн болж, хайрлуулж энхрийлүүлж, анхаарал халамжинд нь нялхарахыг хүсдэг тэр л мэдрэмжийг жаргал гэж хэлдэг мэт.

Гэхдээ хүн өөрийн гэсэн бүхнээ үнэлж, хайрлаж, хамгаалж, жаргалтай байгаагаа ойлгож ухаарахгүй, илүү гэж бодсондоо шунан дурлах нь ганцаардсан нэгэнд зугаа, ганихарсан нэгэнд тайтгарал болох…

Жаргал хэтийдвэл зовлонг дагуулдаг гэлээ ч хүн ямар нэг сонголт хийж, амьдралдаа алдаа оноотой алхам хийсэн тосох зам нь тодорхой. Тэр зам нь гэр бүлийн үнэт зүйлд хүрээд зогсдог.

Дур тачаал, дурлал хайрын ялгаатай байдал нь амьдралын чухал сонголтын өмнө хүчин мөхөсддөг гэдгийг батлах юм. Учир нь дур тачаал бол хормын төдийд зүгээр л онцгой содон мэдрэмж, харин дурлал хайр бол урт удаан хугацааны бат бөх харилцааны үр дүнд бий болдог цайз хэрэм гэмээр…

Тийм ч учраас гэр бүл болох нь хосуудын хувьд урт удаан хугацаанд үргэлжлэх харилцааг эхлүүлж, хажууд байгаа хүнээ байгаагаар нь хайрлаж, хүлээн зөвшөөрч, анхаарал халамжаа зориулж, харилцан хүндэтгэж, дурсамж бүтээж, дасан зохицож амьдрах гэж ойлгомоор…

Гэхдээ хүмүүс гэр бүлийн дурсамж дүүрэн он жилүүдээ огт байгаагүй мэт, хажууд байх ханиа ч танихгүй юм шиг аашилж, хүлээн зөвшөөрч чадахгүй түүндээ бухимдаж, бачимдан амьдралын замаа булингартуулж, таагүй алхамуудыг хийж явдаг.

Хоёр хүн бие биенээ үл хайрлаж, үл хүндэтгэж, үр хүүхдээ үгүйсгэж байгаа мэт, магадгүй өөрийн бүхнээсээ татгалзаж, хамгийн эцсийн шийдвэр болох “салах” гэж яарах нь зөв эсэхээ олон талаас нь бодож эргэцүүлдэг байгаасай.

Хэрвээ өнгөрсөн цаг үеэрээ аялж, хайрлаж дурлаж ханилсан ханийнхаа сайхан бүхнийг илүү их өнгөлж, зүлгэж амьдардаг бол хичнээн олон гэр бүлүүд элэг бүтэн байж, үр хүүхэд нь салалтын “хохирогч” болохгүй байхсан.

Гэр бүл болно гэдэг амьдралын маш том шийдвэр. Амьдралын түүх бүтээх их аялалд “Хамтдаа” гарч, алдаа оноогоо хуваалцаж, нэг биеийг хоёр болгон хувилахын нэр мэт.

Тиймдээ ч ханиа гэсэн “сэтгэл нь хаа холдох вэ” гэдгийг УДЭТ-ын тайзнаа 2010 онд анх нээлтээ хийж байсан В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг хөгжилтэй, хоржоонтой байдлаар харуулж чадсан. Тус жүжгийг үзсэн хэн бүхэнд гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, хосуудын харилцааны үнэн дүр төрх, дур тачаал, дурлал хайрын ялгааг ойлгуулна …  

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close