МАЛДАА ХАРГИС ХАНДДАГ МАЛЧДААС НООЛУУР ХУДАЛДАН АВЧ БУЙ ЁС БУС ҮЙЛДЭЛДЭЭ тайлбар хийж, арга хэмжээ авахыг Олон улсын амьтдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг (PETA) Louis Vuitton, Gucci, Prada зэрэг компаниудаас шаарджээ.
Эх сурвалж. Сэтгүүлч Шаннон Талер, 2023 оны 7 сарын 11, “Нью Үорк” Сэтгүүл
Дэлхийн 39 орны хэлээр гардаг, 142.3 сая уншигчидтай, олон улсад нэр хүндтэй “Нью Иорк Пост” сэтгүүлийн 2023 оны 7 дугаар сарын дугаарт Монгол ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн тухай дахин онцолжээ. “Louis Vuitton”, “Gucci”, “Chanel”, “Burberry”, “Prada” зэрэг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг түүхий эдээ авах гэж ямааг зүй бусаар тарчлаадаг Монголын малчдаас ноолуур худалдан авсаар байна гэж мэдээлсэн байна.
Нууц камерын бичлэгээр ямааны ноолуурыг хэрхэн авч байгааг харуулжээ. Тодруулбал, ноолуур самнаж байгаа хүмүүс ямааг эврээс нь оосорлож, дөрвөн мөчийг нь тэлж уяад, хэдэн цагаар хурц үзүүртэй самаар өвтгөн арьстай нь хуулж байгааг Амьтадын Эрх Ашиг Хамгаалах Нийгэмлэгээс (PETA) -гаас эх сурвалж татан бичсэн байна.
Монголын “Ханбогд Кашмер” ноолуурын үйлдвэрийн ажилчид хурц үзүүртэй төмөр самаар цаг гаруй хугацаанд ноолуурыг зулгааж, авч байсан гэж мэдээлжээ. “Ямаа өвдөлтөө тэсч ядан бүх чадлаараа тийчилж байсан ч тэд огт тоодоггүй. Бичлэгээ дараа нь үзэхэд хурц үзүүртэй саманд арьстайн хамт хуулсан ноолуур байв. Тэр үеэр нэг ямааны хуйхнагнаас цус дусалж, өөр нэг ямаа урьд өдөр нь доголж байснаа маргааш нь үхсэн байсан” гэжээ.
Мөн нэг үйлдвэрт ажилчид нь ишигний хуйхнагыг хутгаар шууд зүсэж, төмсгийг нь нүцгэн гараараа сугалж байсан гэв.
PETA-ийн мэдээлснээр тогтвортой, амьтдад ээлтэй арга замаар бэлдсэн ноолуур ашигладаг гэж цахим хуудсандаа мэдээлэл тавьдаг зарим брэндүүд тухайлбал, Louis Vuitton, Gucci, Burberry, Hermes, Prada зэрэг том загварын компаниуд дээрх үйлдвэрээс ноолуураа нийлүүлдэг гэжээ.
“Ноолууран бүтээгдэхүүн худалдаж авдаг хүмүүст хэлэхэд энэ үнэхээр амьтдын харгислал шингэсэн бүтээгдэхүүн гэж хэлэх байна” хэмээн РЕТА-гийн хэвлэлийн төлөөлөгч Эшли Бурне мэдэгдсэн байна.
“Өнгөрсөн хугацаанд бид ноолууртай холбоотой асуудлаар олон судалгаа хийж байсан. Энэ удаа зарим загварын компаниуд хаанаас ийм ноолуур аваад байгааг гаргаж ирсэн. Ханбогд Кашмераас ноолуур авдаг гэдгийг нь анх удаа мэдээлж байна” гэж Бирне ярьжээ. “Тэд олон компаниудыг ийм түүхий эдээр хангаж байгаа гэхээр маш том үйл ажиллагаа эрхэлдэг байх” гэв.
PETA-гийн мэдээлснээр Монголоос ноолуур авдаг олон брэндүүд бий. Тухайлбал Bottega Veneta, Chanel, Dior, Max Mara, Naadam байна гэжээ. Naadam брэнд гэхэд “100 хувь монгол ноолуур”-аар хийсэн цамц гэж зарлан онлайнаар худалдаалж байна.
Dior, Louis Vuitton-ыг өмчилдөг тансаг зэрэглэлийн LVMH групп түүнчлэн 2017 онд амьтны үс хэрэглэхгүй гэж зарласан Bottega Veneta, Gucci-ийг өмчилдөг Kering группт Нью Үорк Пост сонин энэ тухай тайлбар ирүүлэхийг хүссэн ч дуугараагүй байна. Burberry, Prada, Chanel компаниудыг бас тайлбар өгөхийг хүссэнд хариу ирүүлээгүй аж. Мөн Max Mara болон Naadam компанийн төлөөлөгчид хариу өгөхгүй байна гэв.
PETA 2022 оны 4 дүгээр сараас эхлэн 2023 оны хоёрдугаар сар хүртэл 12 жижиг ноолуурын үйлдвэр, долоон малын ферм, дөрвөн нядалгааны үйлдвэр эзэмшдэг “Ханбогд Кашмер” үйлдвэрийг судалжээ.
Эшли Бурне хэлэхдээ “Бидэнд байгаа аймшигтай зураг, дүрс бичлэгээс харахад том загварын компаниуд ноолуураа хүмүүнлэг аргаар үйлдвэрлэдэг гэж хэрэглэгчдийг хуурсан мэдээлэл гаргаж байгаа нь илт байна” гэжээ.
Тогтвортой Ноолуурын Эвсэл-“SFA” хэмээх байгууллага ноолуурын үйлдвэрлэлийн бүхий л шатанд амьтдын эрх ашгийг хангана гэх стандарт гаргаж түүнд үндэслэн брэндүүдэд баталгаажуулалт гаргаж өгдөг юм байна. Гэтэл Бурнегийн мэдээлснээр “SFA”-гийн стандарт, баталгааг авсан ч ямар нэг байдлаар зөрчиж байгаа компани эсвэл брэндүүдэд Засгийн газраас арга хэмжээ авах ямар ч боломжгүй, жишээ нь АНУ-д хүнсний компани хуулиа зөрчвөл арга хэмжээ авдаг, гэтэл тэнд тийм тогтолцоо алга.
Эшли Бурне “Бидний хийсэн судалгаа энэ баталгаажуулалт ямар ч утгагүй гэдгийг харуулж байна” гэжээ.
НҮБ-аас гаргасан тайлангаас үзэхэд Монголын бэлчээрийн даац хэтэрснээс 70 гаруй хувь нь талхлагдаж цөлжиж байгаа гэсэн мэдээлэл бий.
“Ханбогд Кашмер”-ийн цахим хуудсанд бүтээгдэхүүн нь 83 хувь оноо бүхий “SFA”-ийн мөнгөн гэрчилгээтэй гэжээ. Гэхдээ “Ханбогд Кашмер”-аас энэ тухай тайлбар ирүүлэхийг хүссэн ч хариу өгөхгүй байна.
PETA-гийн судалгаанаас үзэхэд, энэ үйлдвэрийн эзэмшилд байгаа ямаа мал эмнэлгийн ямар ч үйлчилгээ авдаггүй, ноолуурын гарц буурмагц ямааг шууд нядалгааны үйлдвэр луу явуулдаг аж. Үйлдвэр дээр хийсэн дүрс бичлэг ямааг эврээс нь чирч нядалгааны цех руу оруулж, эхлээд толгой руу нь алхаар цохиж муужруулаад дараа нь хоолойг нь зүсэж амийг нь хороодог. Нядалгааны энэ газрын аймшигтай байдлыг дүрслэхэд “Үйлдвэрийн ажилчид ямааны хоолойг хэрчиж, амь тавьж байх үед нь арьсанд үлдсэн ноолуурыг мэсээр хусч авч байгаа харагдана” гэжээ.
Мөн PETA-аас амь тавихаасаа дөрвөн минутын хугацаанд хөөрхий ямаа амьд үлдэхийн төлөө тэмцсээр байсан гэж мэдээлсэн байна.
Өөр нэг бичлэг дээр Монголын -22 хэм хүрдэг хүнд өвлийг давж чадаагүй юу, эсвэл нас гүйцсэн том малын хөлд дарагдсан уу нялх ишигнүүд хашаандаа үхсэн байхыг харж болно гэж PETA мэдээлжээ.
Эх сурвалж:
Goats Suffer for Every Piece of Cashmere Clothing | PETA Asia Investigates