УИХ-ын нэр бүхий 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /2023.06.20/ санаачлан боловсруулж, өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа юм. Уг хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнө холбогдох төлөөллүүдийг оролцуулан ШХА-ийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын инстиутуцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн санхүүжилтээр бүсчилсэн хэлэлцүүлгүүд хийгдсэн. Энэ удаад /2023.10.25/ эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр Төв аймгийн Өндөрширээт сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, “Ширээт хөгжил” хоршооны дарга Ц.Оюунтай ярилцсанаа хүргэж байна.
-Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд бэлчээрийн асуудлыг тусгайлан оруулж ирж байна. Энэ талаарх таны бодол?
-Газрын тухай хуулинд бэлчээрийн тухай асуудлыг оруулна гэдэг бол маш зөв асуудал. Ингэхдээ малчдыг хэсэг бүлгийн зохион байгуулалтад орсон нөхцөлд ашиглах гэрээгээр зохицуулагдана гэж байгаа нь бидний хувьд одоо хийгдэж яваа ажил. Гэтэл хулийн нарийн зүйл заалт нь байхгүй учраас орон нутагт хэрэгжих боломж нь тааруу байгаа нь үнэн. Орон нутагт Сумын Засаг дарга, Тамгын газартайгаа гэрээ хийж, менежментийн төлөвлөгөө боловсруулаад ажлаа хийж эхэллээ гэхэд Засаг дарга захирамжаар батлагддаг. Гэвч уг төлөвлөгөөнд хэн хяналт тавиад, хэн бэлчээрийг өнжөөн сэлгэх ажлыг хийгээд, хэн эсэргүүцээд алдаа дутагдал гаргаад байгаа юм гэдэг дээр хариуцлага хүлээх тогтолцоо нь байдаггүй.
Орон нутагт хийж байгаа гэрээ бол одоогийн нөхцөлд зүгээр л цаас гэсэн үг. Орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах хэрэгтэй. Гэтэл орон нутагт мэргэжлийн боловсон хүчин байхгүй учраас энэ төлөвлөгөө биелэгдэх боломж нь хоцрогдоод яваад байгаа юм. Газрын даамлын жилийн мониторинг судалгаан дээр үндэслээд бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг жинхэнэ утгаар нь багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэх ёстой. Гэтэл магадгүй зарим багийн Засаг дарга нь энэ ажлыг үл тоож, хэлэлцдэггүй, газрын даамал нь ч гаргасан төлөвлөгөөгөө хэрэгтэй шүү гэж хамгаалж чадахгүй байх тохиолдол байдаг. Тэгэхээр л энэ бэлчээр хамгаалах ажил маань хий дэмий цаас болоод өнгөрөөд байгаа юм.
-Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэгдэж батлагдсанаар ямар боломж бий болно гэж харж байна?
-Боломж бол үнэхээр их харагдаж байна. Малчдын хэсэг бүлэг гэхээр л ах дүү хэдэн хүмүүс нийлээд өвөлжөөгөө эзэмшээд газраа хувьчлаад авах гэж байгаа юм шиг хараад байна. Гэтэл үгүй шүү дээ. Хэн нэг нь нүүдлийн МАА-н уламжлалт өвөлжөө, хаваржаагаа хамгаалах, бэлчээрээ сэргээх, даацад нь тохирсон малтай байх нь малчин бидний чин сэтгэлээсээ хүсч байгаа зүйл. Гэтэл энийгээ мөрдөх хууль байхгүй. Ямар нэгэн барих барьц байхгүй. Зүгээр л Газрын тухай хуулиар л хэсэг бүлгийн зохион байгуулалтад орсон нөхцөлд Засаг даргатайгаа ашиглах гэрээгээ хийж болно л гэж заасан. Засаг дарга хариуцлага тооцоод болохгүй байвал яах юм гэсэн хуулийн заалт байдаггүй.
-Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, хууль хэрэгжиж эхэлсэнээр бэлчээр сайжирч малчид малынхаа тоо толгойг эдийн засагтайгаа холбоод өгнө гэж байгаа. Бэлчээртээ тохирсон малтай болоход хэдий хугацааг зарцуулах бол. Таны бодлоор?
-Нэг малаас гарч байгаа түүхий эдийн үнэ хэдий чинээ өндөр байна, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээл дээр гаргаж чадна. Тэр хэмжээгээр малын тоо толгой буурах магадлал өндөр байна. Нэг гэрээ хийчихээд шууд малынхаа тоог бууруулж, даацанд нь тохируулна гэдэг өрөөсгөл ойлголт. Гэтэл цаана нь тэр даацдаа тохируулж, борлуулах гээд байгаа малын бүтээгдэхүүнүүдийг хэн тэгж үнэтэй авах юм. Үнэтэй авдаг байх юм бол малчин бид хүнээр заалгахгүй, гэрээ хийгээд байх ч шаардлага байхгүй. Бэлчээр гэж зовохын ч шаардлага байхгүй. Чанар стандартад тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал тэр хүн тэр байгаль дэлхийдээ ээлтэй байж, бэлчээр усаа хамгаалж чадна.
Учир нь стандартад тохирсон малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд малчин хүн малынхаа аманд орох бүхнийг бодож төлөвлөнө. Тэгээд хэн нэгэнтэй хурцалдах биш, малын чанараа сайжруулаад би тийм хэмжээний килограммтай мал өсгөж, үржүүлж чадна, миний амьжиргаа ингэж сайжирна гэдэг зарчмаар л хүссэн үр дүндээ хүрнэ.
-Хуулийн төслийн хэлэцүүлгийн үеэр малчдын эдийн засагтай холбож хариуцлага тооцно гэж яригдаж байгаа. Хариуцлага мэдээж байх ёстой. Гэхдээ эерэг үр дүн их өгөх эдийн засгийн өгөөж, боломжуудыг нэмэгдүүлж чадвал малчид илүү хурдан ажил хэрэг болгоод явах юм болов уу гэж бодож байна?
-Эдийн засагтай нь холбоно гэж байгаа боловч яг тэгнэ, ингэнэ гэсэн тодорхой юм одоогоор яригдаагүй байгаа ч төр асуудлыг шийдэх гээд явж байна. Миний бодлоор малын гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүдийг санхүүжүүлж, үйлдвэрлэдэг болгоод авах хэрэгтэй гэж харагдаад байна. Өрх болгоныг үйлдвэрлэгч болгоно гэхээсээ илүү арьс шир, мах зэргийг боловсруулах томоохон үйлдвэрүүдийг хөрөнгө зарж барьчихаад харин нөгөө малчин өрхүүдээсээ чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд нь л чиглэсэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгэхээр малчдын амьдралын үйл явц ч гэсэн тэр чиглэл рүү орно. Хэдий чинээ түргэн ажил хэрэг болгож, шуурхай шийдэж чадна тэр хэрээр энэ хууль үйлчилж малчид ч гэсэн бэлчээрийнхээ даацад тохирсон, ашиг шимт өндөртэй малтай байх боломж бүрдэнэ.
-Эдийн засгийн хөшүүр хэрэгтэй ч хэн худалдаж авах юм гэлээ. Өнөөдрийн нөхцөлд монголчууд өдөр болгон арьс шир худалдаж авна гэж байхгүй учраас гадаад зах зээл зайлшгүй хэрэгтэй байна. Гэхдээ арьс шир, мах зэрэг малын гаралтай бүхий л бүтээгдхүүндээ нэмүү өртгийг шингээж, үр өгөөж, ашиг шим, цэвэр байгалийн гаралтай гэдэг талаас нь сайн сурталчилах ажлыг төрийн зүгээс нэгдсэн бодлогоор гадаад зах зээлд сурталчилах ёстой юм болов уу?
-Тэгэлгүй яахав. Малчин бид ч тэгж боддог. Ер нь төрийн зүгээс монгол малын махны уураглаг чанар нь хүний биед байх ёстой хэмжээндээ байж чадаж байна уу, үгүй юу гэдгийг шинжилдэг, тэрийгээ баталгаажуулчихдаг. Бид тэр шаардлагын дагуу мал махаа бэлддэг байх нь чухал. Гэхдээ мэдээж монголынхоо уламжлалт арга барилаа гээгдүүлэхгүйгээр, бэлчээрийнхээ даацад тохирсон газартаа бэлчээртээ хэн сайн хөрөнгө оруулалт хийж чадна тэр хүн сайн, сайхан амьдарна гэдэг чухал зүйлийг л гаргаж ирэх хэрэгтэй. Ер нь шууд их хөрөнгө гаргах бодлогоос илүү хувь хүний тархинд хийх бодлого чухал болоод байна. Тэгэхээр хууль эрх зүйн талаас нь харахад ашигтай тал нь юу байна, яаж ажиллавал миний амьдрал сайжрах вэ гэдгийг малчид түлхүү анхаарч эхэлсэн. Тэр анхаарлын төвд байгаа дээр нь хуулийн бодлогоо чанаржуулаад, санхүү эдийн засагтай нь зөв холбоод том үйлдвэрүүдээ л яаралтай баримаар байна.
–Монгол малчин хүн гэдэг нүүдлийнхээ өв соёлыг хадгалж, хамгаалж авч үлдэж байгаа чухал хүмүүс. Энэ утгаараа зөвхөн тухайн малчин хүний амьдрал гэхээсээ илүү монгол түмний бахархлыг тээж яваа гэж болно. Тэгэхээр энэ хоёр зүйлын хоорондын уялдаа холбоо нь Газрын тухай хуультай хэр нийцэж байгаа бол?
-Өвөлжөө хаваржаа гэдэг утгаараа нүүдлийнхээ асуудлыг шийдэхэд нь төр оролцож бидэнд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгч байна гэж малчин бид ойлгож байна. Тэгэхээр тэр нөхцлийг бүрдүүлэхэд яах ёстой юм гэдгийг төр хуулиар гаргаж ирнэ. Юуны өмнө бэлчээрийн МАА-н чанартай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, гадаад зах зээлд буюу дэлхийд гаргах хэрэгтэй.
Уламжлалт бэлчээрийн МАА-н энэ түүхий эд ийм чанартай, сайн байдаг юм гэдгийг нь л гаргаж ирэх юм. Мэдээж хамгийн чухал нь стандарт. Эрдэмтэн судлаачид оролцсон хэлэлцүүлгийн үеэр стандарт буюу бэлчээрийн мал ямар байх ёстойг ярьж байна. Стандартыг нь албан ёсоор тогтоочих юм бол малчин бид түүнд нь тохирсон мал, мах, арьс шир, ноос ноолуураа бэлдэх гэж өөрийн малын аманд юу орж байгааг тооцоолно. Тухайлбал, өнөөдөр ямар ч ноолуур байсан бүгд нэг ижил үнээр үнэлэгддэг. Хялгастай, тоос шороотой, хогтой байсан ч нэг ижил үнэтэй байгаа учраас мал нь олон байвал илүү ашиг хүртэнэ гэсэн ойлголттой яваад байна. Чанарыг нэгт тавиад I, II дугаар зэрэг гээд гаргаад ирвэл I дүгээр зэргийн микронтой ноолуурыг би яаж гаргах ёстой юм. Яагаад энэ Доржийнх I дүгээр зэргийн ноолуур тушаачхав гэдгийг олж харна. Илүү таатай, эерэг өрсөлдөөн бий болно.
Тэр ч утгаараа монголын ганц онцлог, жилийн дөрвөн улирлын туршид нүүдэлчин өв соёлоо тээж байгаа малчид бидний өв соёл, уламжлалыг алдагдуулахгүй хууль гаргаж өгөөд, тэр хүрээндээ хяналт тавиад, хариуцлага хүлээлгэчихдэг болох хэрэгтэй. Төр ч гэсэн хариуцлагагүй ажиллавал буруугаа хүлээдэг хуультай л болох хэрэгтэй байна.
П.Нарандэлгэр