БоловсролFocus

Орон нутаг дахь хувийн цэцэрлэгийн асуудлаар зөвлөлдөв

2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1486 цэцэрлэгт 272,378 хүүхэд хамрагдаж, хамран сургалт улсын хэмжээнд 92,0 хувьтай байна. Эдгээр цэцэрлэгийн 1006 нь төрийн болон орон нутгийн өмчийн, 480 нь хувийн өмчийн цэцэрлэг ажээ. 

Орон нутгийн хувийн өмчийн цэцэрлэгийн төлөөллүүд “Орон нутгийн хувийн өмчийн цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр (2023.10.16) зөвлөлдлөө.

Зөвлөлдөх уулзалтын үеэр хувийн цэцэрлэгүүдийн төсөв, хувьсах зардлын талаар, багшийн тасралтгүй хөгжлийн тухай болон сургалтын хөтөлбөрийн чиг хандлага, хүүхэд хамгаалал-эцэг эх асран хамгаалагчийн оролцооны талаар ярилцсан юм. 

Орон нутгийн хувийн цэцэрлэгүүдэд: 

  • Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг газар зүйн байршлаас шалтгаалан илтгэлцүүрээр тогтоох,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоолны мөнгөнд төрөөс дэмжлэг үзүүлэх (ердийн хүүхэд нэг өдөрт 2475 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 3600 төгрөг)
  • Мэргэжлийн багшийн хангалт тааруу, тогтвор суурьшилтай ажиллахад төрийн өмчийн цэцэрлэгтэй адил дэмжлэг үзүүлэх (төрд ажилласан жилийн нэмэгдэл, илүү цаг ) гэх мэт асуудлууд тулгамдаад байгаа бөгөөд эдгээрийг нэгтгэн холбогдох газруудаар шийдвэрлүүлэхээр саналаа хүргүүллээ. 

Сонирхуулахад, манай улсад анхны хувийн өмчийн цэцэрлэг 2001 онд байгуулагдаж байсан бол энэ хичээлийн жилд  17 аймгийн 480 хувийн өмчийн  цэцэрлэгт 32.040 хүүхэд хамрагдаж, хамран сургалтын 12.0 хувийг эзэлж байна. Хувийн өмчийн 72 цэцэрлэг буюу 14.8 хувь нь орон нутагт, 408 цэцэрлэг буюу 85,2 хувь нийслэлд сургалт, үйл ажиллагаа явуулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close