НҮБ-ын Хүүхдийн сан “Хангай хотхон”-д хүүхдэд ээлтэй жишиг гудамж байгуулна
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Элистейн гудамжнаас хойш орон сууцны Хангай хороолол, 131 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн дундуур Цагдаагийн гудамж хүртэлх 450.0 метр авто замыг НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/ -ийн нэрэмжит гудамж болгох ажил өнөөдөр эхэллээ. Жишиг гудамж байгуулах нээлтийн ёслолд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Б.Саранчимэг, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхболд тэргүүтэй албаныхан болон тус хорооны оршин суугчид, хүүхэд багачуудын төлөөлөл оролцлоо.
Эваристе Коуасси-Комлан: Тохижилтыг хийхдээ олон улсад баримталдаг багц стандартынхаа дагуу ажиллана
Нийслэл, дүүргийн удирдлагуудтай ярилцаж тохироод энэ гудамжийг жишиг гудамж болгож байгаа. Жишиг гудамжийн суурь тодорхойлолт нь хүүхдийн үндсэн хэрэгцээг хангах орчинг бүрдүүлэх юм. Үндсэн хэрэгцээ гэдэгт нэгд, гудамжны гэрэлтүүлэг сайн байна. Шөнө орой харанхуйд явах юм бол унаж бэртэх зэрэг аюулгүй байдлын асуудал үүсэхгүй болно. Хоёрт, сургууль цэцэрлэгтээ явахдаа авто тээврийн ослын эрсдэл дор байгаа. Тэр асуудлыг бууруулж, гэрэл дохион зохицуулалт хийж өгнө. Гуравт, явган замын тохиромжтой нөхцөл бүрдүүлнэ. Хангалттай өргөн биш, нарийн байснаа өргөн болдог эсвэл тасарчихдаг. Энэ асуудлыг шийдэж нэг цэгээс нөгөө рүү шулуун явах боломжтой болгоно. Өөрөөр хэлбэл, явган замаараа явж байгаад аюулгүйгээр замаар гарч сургууль, цэцэрлэгтээ ордог болох юм. Дөрөвт, гудамж гэдэг зүгээр л нэг цэгээс нөгөө цэг рүү явдаг талбар биш. Хүүхдүүд замдаа тоглодог. Тиймээс дасгал хөдөлгөөн хийх хүслийг нь илүү дэмжиж өгсөн орчинг бүрдүүлж, энэ бүх элементүүдийг дахин тохижуулахдаа төлөвлөгөөний дагуу шинээр бий болгоно.
НҮБ-ын Хүүхдийн сан аливаа тохижилт хийх, хүүхдэд зориулсан ажлыг бий болгохдоо олон улсад баримталдаг багц стандартынхаа дагуу ажлаа хийдэг. Шинэ гудамжаа тохижуулахдаа ч энэ зарчмаар ажиллана. Хүүхдийн тоглоомын талбайд хийгдэж байгаа тохижилтын материал нь хүүхдэд аюулгүй байна уу, үгүй юу гэдэг шаардлага нэн тэрүүн тавигдана. Жишээ нь, унахад гэмтэж бэртэхээргүй байх зөөлөн материалын стандарт байна. Энэ мэт стандартуудаа энэ гудамжийг барихдаа шингээж өгнө.
Б.Энхболд: Хүүхдэд ээлтэй хот жишиг гудамж бий болгохоос эхлэнэ
Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтраад энэ байршилд жишиг гудамж байгуулах гэж байна. Нийслэл хот даяар хороолол хотхоны авто замын аюулгүй байдал, явган замаар зорчигчийн явах замын өргөн, нарийн гээд олон асуудал яригддаг. Хангай хотхоны хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн жишээ болсон газар. Оршин суугч ихтэй. 16 дугаар сургууль, 131 дүгээр бага сургууль, цэцэрлэг байна. Хангай хотхоны 450м гудамжийг НҮБ-ын Хүүхдийн сангаас санхүүжилт гаргаад жишиг гудамж байгуулах шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ, НЗДТГ, иргэд дэмжсэнээр ажлын эхлэл тавигдсан. Хамгийн гол нь иргэд гараад явахад, хүүхэд нь цэцэрлэг, сургуульдаа явахад аюулгүй байх гудамж бий болно. Ер нь хүүхдэд ээлтэй хот, хүүхдэд ээлтэй хороог бий болгоё гэвэл аюулгүй гудамжийг бий болгохоос эхлэнэ. Одоо бид ажлын хэсэг гаргаад шат дараатай ажлаа хийгээд явна. Нийслэлээс оролцох маш олон асуудал бий. Тухайлбал, автозам. 4 эгнээ замын тохижилтыг хийхэд нийслэлтэй ярилцах ажлууд байна. Бид хийх ажлуудаа шат дараатай хэрэгжүүлж, ирэх жилийн өдийд хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд явж байна.
Ш.Цогзолмаа: Ямар газар, ямар орчин байхаас шалтгаалаад олон зүйл өөрчлөгддөг
Бидний амьдардаг орчинг илүү сайжруулна гэж байгаад хүүхдүүд үнэхээр баяртай байгаа. Энэ ажлыг хийх болсонд талархаж, хүндэлж хүлээн авч байна. Бидний тоглож нааддаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг, хичээлдээ ирэхээс харих зам хүртэлх бүхий л үед хамт байдаг газар. Ямар газар, ямар орчин байхаас шалтгаалаад олон зүйл өөрчлөгддөг. Энэ бүхнийг би ганцхан гудамж засах ажил гэж харахгүй байна. Жишиг гудамж маань хүүхдүүд бидэнд, оршин суугчдад эерэг нөлөө үзүүлэх маш олон өөрчлөлт авчирна. Яагаад гэвэл нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чиглэсэн ажил гэж ойлгосон.
Б.Саранчимэг: Цаашдаа жишиг гудамж бий болгоход бодлогын түвшинд анхаарал хандуулна
Хотын төвийн энэ байршилд хүүхдэд ээлтэй, аюулгүй жишиг гудамж бий болгох болсонд талархаж байна. Бусад дүүрэг, байршлуудад сургууль цэцэрлэгийн ойролцоо жишиг гудамжууд олон бий болоосой гэж хүсэж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг учраас өнөөдөр энд ирээд олон ажлыг ярилцлаа. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрана гэдэг хамгийн чухал. Өнөөдөр авто ослоор маш олон хүүхэд өртөж, харамсалтай, эмгэнэлтэй хэргүүд гарч байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх, цаашдаа жишиг гудамж бий болгоход бодлогын түвшинд анхаарал хандуулан дэмжиж ажиллах ёстой гэж харж байна.
П.Нарандэлгэр