Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы /2023.04.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайлангийн талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Н.Ганибал, Ж.Батсуурь, Б.Бейсен, Ц.Туваан нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс төрийн албаны шалгалтын журамд оруулсан өөрчлөлт болон одоогоор чөлөөлөгдөөд байгаа 30 гаруй мянган төрийн албан хаагчийг нөхөж томилохдоо ямар шалгуур тавих талаар илүүтэй тодруулж байлаа.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан хариултдаа, “Төрийн албаны ерөнхий, тусгай, шатлан дэвших, төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагч, төрийн захиргааны төсвийн шууд захирагч зэрэг шалгалтыг таван тусдаа журмаар зохицуулж байсныг нэгтгэж, шинэ журмыг энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Төрийн албаны ерөнхий шалгалт өргөн хүрээг хамардаг бөгөөд тухайн иргэн харьяа орон нутагтаа шалгалтаа өгч болно. Мөн нөөцөөсөө дараагийн шатны тусгай шалгалтыг өгөөд явах боломжийг нээсэн.
Тусгай шалгалтыг хуулиар 30, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, монгол бичиг тус бүр 20 гээд 60 хувийг нь цахимаар авдаг байсан бол одоо 60 хувийг нь харилцаа хандлага, зан үйлээр нь томилох эрх бүхий байгууллагын төлөөлөлтэйгөөр тухайн орон нутагт байгаа яам, агентлагын салбар зөвлөл зохион байгуулж байна. Төсвийн шууд захирагчдын хувьд хүний нөөц, санхүү, гүйцэтгэлийн удирдлага агуулгын шалгалт нэмэгдсэн” гэж байлаа.
Мөн тэрбээр “Хууль, албан тушаалын шаардлагаа хангасан хүнийг сонгон шалгаруулалтад оруулна. Тухайн байгууллагаас сонгон шалгаруулалтын захиалгыг ирүүлбэл Төрийн албаны зөвлөл гурав хоногийн дотор нийтэд зарлан мэдээлж байгаа. 10 хоног бүртгэл явагдах зохицуулалттай” гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Төрийн албаны шинэчлэл, төрийн албанд тулгарч байгаа сорилт бэрхшээл, төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах зэрэг цогц асуудлууд байгаа учраас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тайланг анх удаа хэлэлцсэнийг тодотгоод Улсын Их Хурлын гишүүдийн санал, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын тайлан, зөвлөмжид үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөлд тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.
Тухайлбал, төрийн албанд нэг стандартыг мөрдүүлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэн батлуулах, Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтын цахимжуулалтын ажилд тодорхой ахиц гаргасныг эрчимжүүлж, төрийн өмчийн бүх компаниудыг хамруулах, цалингийн системийн асуудлыг цэгцэлж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудлыг шийдүүлэх, улмаар ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлсэн эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг хэлж байлаа.
Мөн тэрбээр, “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах, авлига хээл хахуультай тэмцэхийн үндэс нь төрийн албаны шинэчлэлээс эхэлнэ. Төрийн албан хаагчдад шүгэл үлээх эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох хуулиудтай уялдуулж, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгах шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.
Тэрбээр, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэнийг дурдаад, Ажлын хэсгээс манай улсад 2022 оны байдлаар нийгмийн даатгалд хамрагдвал зохих малчдын тоо 238,329 байдгаас 48,800 буюу 20.5 хувь нь сайн дурын даатгалд даатгуулсан, эрүүл мэндийн даатгалд 141,400 малчин хамруулахаас 49,200 буюу 34,8 хувь нь хамрагдсан байгааг танилцуулж, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа нь ирээдүйд эдгээр иргэдийн нийгмийн баталгаа алдагдаж, улмаар халамжийн зардал өсөх, улсын төсөвт ачаалал нэмэгдэх тул хамрах хүрээг өргөтгөх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зарчмын зөрүүтэй найман санал, найруулгын шинжтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Батжаргал, Н.Энхболд, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир, С.Чинзориг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Үргэлжлүүлэн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулав. Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, 4,5 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг гүйцээн боловсруулах чиглэл авахаар боллоо. Түүнчлэн энэ хуулийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.9 хувь нь дэмжив.
Ингээд Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа
Хуралдаан Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгынтөсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа явуулж, зарчмын зөрүүтэй 31 саналын томьёолол бэлтгэн, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хилийн боомт чиглэсэн болон хил дамнасан төмөр замын өмчлөлийн асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд буцаасныг санал, дүгнэлтэд дурдлаа.
Байнгын хороо 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, Ажлын хэсгийн гишүүдээс хилийн боомтын дэд бүтэц, улсын хил дамнасан байгууламж, хилийн боомт гэсэн ойлголтыг Монгол Улсын Хилийн тухай хуулийн заалтуудтай уялдуулах, хөрш оронтой төмөр замын хил дамнасан байгууламж барих, ашиглах үйл ажиллагаатай холбогдуулан төслийн 24 дүгээр зүйлд “Улсын хилийн боомт чиглэсэн, хил дамнасан төмөр зам нь нийтийн зориулалттай төмөр замд хамаарах бөгөөд энэ төмөр замын өмчлөгч нь нэг хуулийн этгээд байна.” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут төслийн 47 дугаар зүйлд “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлж олгох” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал, дүгнэлтдээ онцолсон.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д Засгийн газрын эрхийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан хилийн бүсэд төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан байна.
Улсын хилийн шугамнаас 15 км-ээс илүүгүй газрыг зурвас, хилийн 100 км-ээс дотогш газрыг бүс гэдэг тул төслийн энэ заалтад зурвас гэж нэмэх боломжтой эсэхийг тодруулсан. Мөн хуулийн төслийн 16,17,18 дугаар зүйлд заасан төмөр замын тусгай бүс, зурвас газар, хамгаалалтын бүсийг эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон заалт байх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хуулийн төслийн 7 дугаар зүйлийн Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хилийн бүсэд төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой асуудалд гишүүнээс гаргасан саналыг хүлээж авахаар болсныг тэмдэглэхийн зэрэгцээ төсөлд төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна, мөн төмөр замын зурвас газарт төмөр замын тээврийн үйл ажиллагаанаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно гэсэн зохицуулалтыг тусгасан хэмээн хариулав. Энэ үеэр хуралдаан даргалагчаас Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэнгийн хэлж буй санал болон төслийн 24.2, 24.3 хэсгийг гүйцээн боловсруулах чиглэлийг өгсөн.
Асуулт, хариулт ийн үргэлжилсэний дараа төслийн анхны хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлууллаа.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нараас 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан. Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Энэхүү анхдагч хуулийн төсөл нь Монгол Улсад гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулж байгаагүйгээрээ онцлог гэдгийг тодотгоод Монголын ард түмэн засаглах эрхээ өөрийн төлөөлөгчөөрөө уламжлан хэрэгжүүлнэ гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим байдаг. Энэ утгаар уг хуулийн төслийг боловсруулагчид нь манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллага болох “Азтай савар” төрийн бус байгууллагын залуучууд гэдгийг тодотгов.
Өнөөдөр манай улсад 320 мянган эзэнгүй муур, нохой байна. Сүүлийн 100 гаруй жилийн турш эзэнгүй нохой, муурыг буудаж устгаж ирсэн. Улаанбаатар хотын хувьд жилдээ 100 мянган нохойг буудаж устгах төлөвлөгөө гарган ажилладаг. Үүнд жилдээ 1.8 тэрбум төгрөг төсөвлөдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад нохой, муурын үржлийн хурд нь буудаж устгаж дуусах ч боломж, нөхцөлийг олгодоггүй гэлээ. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн судалгаагаар хөрсний бохирдол, эзэнгүй муур, нохойг устгаж, хөрсөнд булж байгаа зэрэг нь халдварт өвчин дэгдэх үндсэн шалтгаан болж байна гэсэн дүгнэлт гаргасныг онцолсон.
Тэрбээр, “Дэлхийн 120 гаруй оронд гэрийн тэжээвэр амьтны хуультай. Хуулийн цаана нийгмийн эрүүл мэндийн шалтгаан, нөхцөл байна. Судалгаанаас үзэхэд орон сууцад амьдарч байгаа иргэдийн 12 хувь, гэр хорооллын өрхийн 50 гаруй хувь нь муур, нохойтой гэсэн дүн гарсан гэж байлаа.
Монгол Улсад мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг Амьтны тухай хуулиар, мал, тэжээвэр амьтан (гахай, тахиа зэрэг ашиг шимийг нь ашиглахаар үржүүлж байгаа амьтан), зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар тус тус зохицуулж байна. Харин гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үлджээ.
Иймд гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулахаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг 9 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулсан. Хуулийн төслийн зорилго нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулахад оршино гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төслийг дагалдуулан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулсан байна.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Хууль санаачлагч гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох харилцаа, тэдний асран хамгаалагчийн үүрэг, хариуцлага, зоонозын халдварт өвчин, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулсныг онцлоод хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгааг дурдлаа.
Мөн гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Хуралдаанд “Азтай савар” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, гишүүдийн асуултад хариулсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ц.Идэрбат, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ц.Туваан нар асуулт асууж, хариулт авсан. Үг хэлсэн гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төсөл батлагдсаны дараа хууль хэрэгжүүлэхэд шаардагдах эдийн засгийн зардлын тооцоолол болон тэжээвэр амьтдаа хүчирхийлсэн асран хамгаалагчдад нь тооцох хариуцлагын зохицуулалтыг илүүтэй лавлаж байлаа.
Ажлын хэсгээс, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалын дагуу зардлын тооцоолол, үр нөлөөний судалгаа хийсэн. Төрийн байгууллагад чиг үүрэг болон алба байгуулах зэрэг асуудал гарахгүй. Харин Мал эмнэлгийн ерөнхий газар, цагдаагийн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засаг даргын Тамгын газрын ажлын ачаалал нь 0.4-0.6 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан. Ажлын ачаалал нэмэгдэхээр тухайн хүний цалин хөлс, техникийн зардал гарна. Төрийн байгууллагад нийт 26.1 сая төгрөгийн зардал гарах магадлалтай хэмээн хариулав.
Мөн гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүргийг зөрчиж байгаа этгээдэд тооцох хариуцлагын зохицуулалтыг уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, төслийн 7.19 дүгээр зүйлд гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийг торгох арга хэмжээ авахаар зохицуулсан. Цаашлаад хүзүүвчийг нь зохих ёсоор зүүлгээгүй, үржил хязгаарлаагүй гэх зэргээр тодорхой хэмжээний ялгамжтай байдлаар торгуулийг зохицуулсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Үүгээр хуралдаан өндөрлөж, баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх санал хураалтыг явуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.