Гаалийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн “Гэрээ бүртгэлийн систем”-ийг нэвтрүүлж эхэлжээ. Уг систем ашиглалтад орсоноор давхардсан хяналт, шалгалтыг халж, цахим үйлчилгээг нэг шатаар ахиулсан талаар Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Ганзоригтой ярилцлаа.
–Уул уурхайн бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр гаргах бүхий л шатыг бүрэн цахимжуулах ажлууд энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Засгийн газраас гадаад вальютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн. Уг тогтоолын дагуу гаалийн байгууллагаас үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулах ажлыг эрчимжүүлж байна.
Энэ хүрээнд уул уурхайн бараа, бүтээгдэхүүнийг олборлох, боловсруулах, тээвэрлэх, улсын хилээр гаргах зэрэг бүхий л шатыг цахим хэлбэрээр бүртгэх “Гэрээ бүртгэлийн нэгдсэн систем”-ийг 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн нэвтрүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар уг системд нийт 280-аад байгууллагын 1300 орчим гэрээг цахим төлбөрийн баримтын системд бүртгээд байна. Үүний үр дүнд Татварын ерөнхий газар болон гаалийн байгууллагын давхардсан гэрээ бүртгэлийн цаасан хэлбэрийг халж, цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн.
–Он гарснаас хойш уг шинээр нэвтэрсэн Гэрээ бүртгэлийн системд ААН-үүд ямар сэтгэгдэлтэй байгаа вэ? Санал шүүмжлэл хэр ирж байна вэ?
-Гэрээ бүртгэлийн нэгдсэн системийн гол ач холбогдол нь өмнө нь гаалийн бүрдүүлэлтэд олон дахин цаасан гэрээг хуулбарлан өгч шалгуулах, давхардсан хяналт, шалгалтыг халах, ААН-үүдийн хугацааг хэмнэх, ажлыг нь хөнгөвчлөх зэрэг олон талын ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар 90,000 орчим гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийсэн байна.
ААН-үүд гэрээгээ нэг удаа цахим бүртгэлээр хийчихвэл цаашид олон дахин ашиглах боломжтойгоороо мөн онцлог. Өмнө нь гаалийн бүрдүүлэлт хийх болгондоо гэрээгээ хуулбарлаж, гаалийн байгууллагад биечлэн хүргэдэг байсан. ААН-үүдийн хэрэглээнд хэр тохиромжтой байна, хэрэглэхэд хэр хялбар байх талаас нь анхаарч илүү хөгжүүлэлт хийгдсэн тул ААН-үүд тус шинэ системийн талаар сэтгэгдэл өндөр байгаа.
–Татварт АМНАТ тооцоход мөн энэ системээ давхар ашиглах уу?
-Шинээр нэвтэрсэн гэрээ бүртгэлийн нэгдсэн систем нь цахим архив үүсгэхээс гадна Татварын байгууллагад АМНАТ тооцоход давхар энэ гэрээгээ ашиглаж байгаа. ААН-үүдийн тус системд бүртгүүлсэн гэрээ нь хугацаа болон тоо хэмжээгээ дуустал ашиглаж болдог.
Өөрөөр хэлбэл улсын хилээр нэвтэрч байгаа барааны мэдээлэл, цахим байдлаар гэрээтэйгээ хамт татварын байгууллагад очдог болсон. Өөрөөр хэлбэл Гааль, татвар хоёр нэг гэрээний нэг бүртгэл дээр ажиллаж байна гэсэн үг.
Эхний ээлжинд бид уул уурхайн бүтээгдэхүүн дээр энэ гэрээг ашиглаж байна. Цаашид импортоор орж ирж байгаа өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн дээр ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.
–ААН-үүдийн хувьд анхаарах зүйл юу байдаг вэ?
-ААН-үүдийн хувьд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Монгол Улсын хилээр гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүн нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниас гарах ёстой. Тиймээс тус системд гэрээгээ бүртгүүлэхдээ дотоод болон гадаад гэрээний хоорондын уялдааг хянах хэрэгтэй. Мөн хэн нэгнээс худалдан аваад борлуулж байгаа бол борлуулалтын гэрээгээ маш сайн тусгах хэрэгтэй. Таны оруулсан мэдээлэл олон дахин ашиглагдах учраас үнэн зөв, бодитой мэдээллээ оруулбал хугацаа их хэмнэнэ.
Мэдээллийн зөрүүтэй байдал байхгүй болж байгаа учраас ААН-үүд үүн дээр сайн анхаарч, эхлээд татварын системд мэдээллээ үнэн зөв бодитой мэдээллэсэн байх шаардлагатай. Үүн дээр үндэслэж гаалийн лаборатори, цаашлаад экспортын гаалийн бүрдүүлэлт хийгдэх, улсын хилээр гарах, энэ мэдээлэл дээрээ тулгуурлаад АМНАТ-ыг үнэн бодитой төлөх зэрэг уул уурхайн бараа, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болж байна гэсэн үг.