Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн хувьд Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын талаар, мөн хаврын цэвэрлэгээний аяны тухай мэдээлэл өглөө.
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан долоон хоногийн турш үргэлжлэх хаврын цэвэрлэгээний аяныг Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх зэрэг ажлыг хийх юм.
Мөн гэрлийн шонг угаах, наасан зарлал наалтыг нь хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг, хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг нь сэргээх зэрэг чиглэлээр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулна хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцолсон.
Тэрбээр “Нийтийн тээврийн автобуснуудын дотор, гадна угаалга цэвэрлэгээ энэ долоо хоногоос эхэлнэ. Цаг агаараас хамаараад хүүхдийн тоглоомын талбай, хайс, хашлага, хөшөөг цэвэрлэх ажлуудыг шат дараатай хийнэ. Мөн энэ аянтай холбогдуулан иргэдэд мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна” гэсэн юм. Энэ жилийн хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн цэцгийн мандал хийх, гэр хорооллын бүсэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж буй талаар энэ үеэр тэрбээр мэдээлсэн.
Хаяг, хаягийн байгууламжийн жишиг гудамжуудыг бий болгоно
УБЗАА-наас Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг арилгах зорилгоор хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар явуулж буй. Уг журмын хэрэгжилтийг хангахад төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 ширхэг гадна зар сурталчилгааны байгууламж хамаарах юм. Тодруулбал, нийтийн болон хувийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулсан гадна зар сурталчилгааны самбарт зөвшөөрөл олголтыг хянах, зөвшөөрөлгүй байрлуулсан, гэрээ байгуулаагүй, сунгаагүй самбаруудын судалгааг дүүрэг бүрээр гаргаж, зөрчил арилгах арга хэмжээг авч байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хаасан, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулж буй гадна зар сурталчилгааны самбаруудын судалгааг гаргаж байгаа. Түүнчлэн Монгол улсын хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс батлуулсан MNS 5283:2022 стандартыг нэвтрүүлж, хаяг, хаягийн байгууламжийн жишиг гудамжуудыг бий болгохоор төлөвлөж байна” хэмээв.
УБЗАА-ны Дугуйн зам ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй тулгуурт байгууламж 130, мэдээллийн 700 орчим байгууламж байна. Хаяг, хаягийн байгууламжид дүүргийн ЗДТГ нь хяналт тавьдаг. Хаягийг стандартын дагуу зөв байршуулах, монгол үсгээр бичих зэрэг асуудалд бид анхаарч, цаашид хотын стандартын худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагыг хэрэгжүүлэн ажиллуулна” хэмээлээ.
Нийтийн тээврийн чиглэл, парк шинэчлэл болон бусад асуудлаар мөн мэдээлэл өглөө.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:
-2023 оны нэг, хоёрдугаар сард нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус ирсний ихэнх нь үйлчилгээнд гарсан. Одоогоор 60 автобусанд карт уншуулах төхөөрөмж суурилуулж байна. Парк шинэчлэлтэй холбоотойгоор зарим нэг шинэ чиглэл нээсэн. Тухайлбал, сар шинийн баяраар Ч:75 чиглэл нээлээ. Цаашид шинэ суурьшлын бүс рүү нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх, зарим чиглэлийн давхцлыг арилгах, богино эргэлтийн чиглэлийг нэмэх ажлыг хийнэ.
Энэ оны нэгдүгээр сараас хоёрдугаар сарыг дуусталх хугацаанд Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын 15 байцаагч давхардсан тоогоор 2500 автобусанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Цаашид автобуснуудын өнгө үзэмж, цэвэр байдалд анхаарах талаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 байгууллага руу мэдэгдэл хүргүүлсэн. Нөгөө талаас автобусны сандал, суудалд ариг гамтай хандах, цэвэрхэн, соёлтой үйлчлүүлэхэд анхаарахыг иргэдэд уриалмаар байна хэмээлээ.
Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлийн хүрээнд 2024 он хүртэл 1000 автобус оруулж ирэх шаардлагатай гэж үзсэн. Үүнээс 2022 онд 100, 2023 оны эхний хоёр сарын байдлаар 224 автобус ирсэн байна. Цаашдаа автобуснуудыг шат дараатайгаар шинэчлэхээр ажиллаж байна” хэмээлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС