Шүлэг яруу найрагЯрилцлагаОнцлох

Д.Эрдэнэзулай: Өөр дотроо амьдрах нь хүмүүс дунд амьдрахаас илүү жаргалтай байна

“Алтан – Өд” шагналт яруу найрагч Д.Эрдэнэзулайтай ярилцлаа.

Сайн уу, Зулай? Хоёулаа яг долоон жилийн дараа дахин ярилцаж байна. Анхны яруу найргийн түүвэр “Хоосон”-ын нээлтийн дараа СТӨ-ний “Урлаг” кафед ярилцсан өдрийг санаж байна. Цаг хугацаа нисэх мэт л өнгөрч?

-Сайн уу. Тэгж ээ. Энэ хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн байна. Ямартай ч холоос ч гэсэн санагалзаад суух хайртай хүнээ олж. Шүлэг бичихгүй он жилийг өнгөрөөж үзэж. Ямартай ч шүлэг бичихгүй байхаараа би их жаргалтай, амар амгалан байдгаа мэдэж авлаа. Эсвэл жаргалтай, амар амгалан байхаараа шүлэг бичдэггүйгээ. Ер нь шүлэг бичсэн ч яалаа, бичээгүй ч яалаа гэж боддог болсон. Нэг их чухал ач холбогдолтой биш болохоор өөр дотроо амьдрах нь хүмүүс дунд амьдрахаас илүү жаргалтай байна. Аахар шаахар амьдралын бэрхшээл, хаа нэгтээ хэн нэгэн өөд болохоос өөр зовлон алга даа.

Танай сууринд ямархуу өвөл болов. Дуртай улирал бас хүйтнээ мэдэрч чадав уу. Говьд одоо ч бараг хавар ирчихэж байгаа байх?

-Энэ жилийн өвөл хүйтнийг голдоо ортол мэдэрлээ. Манай говийн өвөл их ёрын л доо. Задгай тал болохоор салхи шуурга нь хамаа намаагүй салхилна. Тэгэхээрээ арьс нүүр часхийтэл хайрна. Гэхдээ би хүйтэнд дуртай хэвээрээ. Бээлий өмсдөггүй, малгай өмсдөггүй хэвээрээ. Хүзүүгээ л баглачихвал тэгээд дулаахан болчихдог. Энэ өвөл харин золтой хөлдөөд үхчихсэнгүй. Хэд хэд хот орж л дулаацлаа /инээв.сурв/

Одоо бол хаврын урь орчихсон. Улирлууд нэг тийм өөр өөрсдийн гэсэн үнэртэй байдаг даа. Надад хавар үнэртээд байгаа.

Ер нь Зулай хэзээ номоо гаргах бол гэж бодож байсан, номоо хэвлэлтээс авлаа гэхээр нь маш их баярласан хүмүүсийн нэг л дээ, би. Харин хоёр дахь бүтээлээ өлгийдөж авсан. Тэрхүү бүтээлээрээ “Алтан-Өд” шагнал хүртсэн яруу найрагчийн сэтгэгдэл ямар байгаа бол?

-Мэдээж баяртай байлгүй яахав. Нэг их шагнал, урамшил мөрөөдөөд байдаггүй. “Алтан-Өд” бол хүнд нь биш, бүтээлд нь олгодог том шагнал. Өөрөө цагаа сонгож гарсан номондоо ер нь сэтгэл хангалуундуу байсан. Бас ч бүрэн дүүрэн итгэлтэй биш. Залуу хүн гэдэг утгаар л надад өгсөн байх. Манай аймгаас Л.Одончимэд гуай, Б.Догмид гуай, Ж.Заяабаатар ах гээд дандаа үргэлжилсэн үгийн төрлөөр авч байсан юм билээ. Яруу найргийн төрлөөр анхных гээд “Хурмаст тэнгэр” төвийнхөн маань ч тэр, найзууд маань ч тэр их сайхан хүлээж авсан.

Яагаад энэ цаг хугацаанд хоёр дахь номоо гаргахаар шийдэв. Өвөлд эсвэл нэгдүгээр сард учир байна уу?

-Мэдэхгүй ээ. Уг нь бүр 2,3 жилийн өмнө гаргахаар төлөвлөж байсан ч залхуу хойргоосоо болоод ч юмуу, эсвэл угаасаа цаг нь болоогүй байсан болохоор гаргаагүй. Тэгээд бодож бодож түрүү намар гаргахаар төлөвлөсөн ч бас л хойшлуулсан. Тэгээд гэнэтхэн нэг өдөр л одоо бушуухан гаргачихъя гэнгүүтээ хамаг юмаа /нэр, хавтасны зураг гэх мэт/ сольж хаяад, өмнө нь ерөөсөө өөрт тохиолдож байгаагүйгээрээ яаруу хөдлөөд оноос өмнө гаргачихсан. Тэгтэл долоон жилийн өмнө бас яг ингэж, бас өдийгөөр “Хоосон”-гоо гаргаж байсан юм билээ. Ер нь намар дуусаад, өвөл дуусаад тэгээд хэсэгтээ хамаг юм дуусчихдаг даа, миний хувьд. Хавар шал хоосон улирал шиг санагдаад байдаг. Хамаг юмыг маань салхи хийсгээд аваад явчихдаг юм шиг. Намар, өвөлдөө хамаг юм дээрээс дараад байх шиг хүнд улирлууд.

“Авгалдайн суурин”-г уншихад “Хоосон”-оос их өөр мэдрэмж төрсөн. Илүү бие даасан, том хүн болсон юм шиг…?

-Магадгүй ээ. Би гэхдээ ер нь нэг их том хүн болоогүй ээ. Ээжийнхээ хажууд байгаа болохоор үргэлж хүүхдээрээ л байх шиг санагдаад байдаг. Мэдээж амьдралын олон асуудлыг ганцаараа л туулдаг л даа. Ээжийгээ зовоохгүй гээд ер нь нэг их элдэв юмаа яриад байхгүй. Яаж ч бодсон 7 жилийн өмнөхөөсөө бол том л болсон байх. Намба суусан байж магадгүй. Харин нэг их өсөж хөгжөөд байсан юмгүй байдгаараа л байгаа.

Ер нь яагаад номоо “Авгалдайн суурин” гэж нэрлэсэн юм бэ. Би бол Зулай гэдэг шүлэгч “авгалдай” болон түүний амьдардаг суурин гэж ойлгоод байгаа. Зөв үү, буруу юу?

-Ямар ч учир шалтгаан бодолгүйгээр бодож олсон нэрийг хүмүүс их асуудаг юм байна. /инээв.сурв/ Ямар ч учир шалтгаан бодолгүй зүгээр л олчихсон нэр. Тэгээд дараа нь учрыг нь өөрөө бодож олохдоо бол би чинь сууриндаа бүгэж л амьдардаг хүн шүү дээ, авгалдай шиг. Харанхуй өрөөндөө, ганцаараа. Гэрээс ч нэг их гараад байхгүй. Тэгээд л ийм нэр толгойд орж ирсэн байх. Хүмүүс тэгээд өөр өөрсдийнхөөрөө л ойлгог. Би ер нь шүлгээ ч гэсэн нэг их бодохгүй биччихээд, дараа нь уншаад “аан, энэ ингэсэн үг юм байна, ийм ийм байсан болохоор ийм шүлгийн мөр орж ирсэн юм байна” гэж боддог шүү дээ. /инээв.сурв/

Өөрийн гар утсаар авсан зургуудаараа номоо чимэглэсэн байсан. Суларсан утастай шонгийн мод, түүн дээр нь бөндийтөл сууж буй болжморууд… зүгээр л харахад шүлэг шиг зургууд байна лээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт гарах яруу найргийн номоо чимэглэнэ гэж бодож дараагүй кадрууд байх?

-Хааяа нэг гэрээсээ гараад, эсвэл ажлаас гэр, гэрээс ажил хүрэх зам, Сайншандад очихоороо хайрттайгаа дандаа алхдаг зам гэх мэт гоо үзэсгэлэнг нь хэзээ ч биширч дуусахгүй газруудынхаа нэг тиймэрхүү нүдэнд гоё харагдсан агшнуудыг ер нь болж өгвөл зураг болгоод буулгачихмаар санагддаг. Мэдээж номонд зориулж, ер нь юунд ч зориулж дараагүй, өөртөө л хадгалж үлдээсэн зурагнууд л даа. Гэрээсээ гараад л ертөнцийн хамаг гоо сайхныг олоод харчихдаг нүдтэй төрсөндөө их баярладаг л юм. Тэгээд зүгээр фэйсбүүктээ постлодог. Ер нь зураг дарах, даруулах их дуртай. Харин сая намар орчуулагч Ж.Тэгшзаяа эгчийн орчуулсан Лана Делрэйгийн шүлгийн номыг олж үзээд, нээрээ ингээд өөрийнхөө дарсан зургуудаар чимэглэж болох юм гэж санаа авсан.

Энэ удаа Дорноговь болон Улаанбаатарт хоёр нээлт хийсэн. Улаанбаатарт болсон нээлт урьдын адил найрагч нөхдөөрөө хүрээлүүлсэн халуун дулаан болж байна лээ. Мэдрэмжээсээ хуваалцвал?

-Гэртээ, сумандаа удаан байгаад ирэхээр, бас ээж, найз залуу гээд өөр шигээ зожиг хүмүүстэй байдаг болохоор ер нь хүмүүсээс нилээн зожгирсон байна лээ. Номын нээлт хийнэ, хийхгүй гэж залхуурч нэлээн явсан. Найзууд маань “нээлт хэзээ вэ” л гэдэг. Би нэг хийнэ гээд, нэг хийхгүй гээд өөртэйгөө зөрчилдөж явж байгаад хоёр хийхээр болсон. Он гараад ажлын асуудлаас болж бас хэсэг хойшилсон. Найзуудынхаа тус дэмээр л хоёр нээлт хийчихсэн. Ер нь хаана ч очсон олон сайхан найз нөхдөөрөө хүрээлүүлсэн хүн л дээ, би өөрөө зожиг л болохоос биш. Улаанбаатарт шүлэг уншаагүй удсан болохоор их сонин сайхан байсан. Бас шүлгийг нь ойрын наана сонсоогүй удсан, оюутан цагийн найзууд, ах нар ирж шүлгээ уншаад их сайхан байсан. Бас залуучууд олноороо гарч ирж байгааг харсан, сонссон.

Хотод ярилцана гэж л төсөөлж байсан. Гэтэл намайг будилж байтал ирээд л буцчих юм?

Хот орохгүй нэлээд удчихаад нэг хэсэг ойр ойрхон орчихсон чинь бүр залхуу хүрээд /инээв.сурв/. Хот ер нь удаан баймааргүй газар. Олон хүнтэй уулзах нэг тийм залхуутай ажил. Бушуухан ороод ганц хоёр ажлаа амжуулчихаад буцахын л түүс болсон, сүүлдээ. Тэгээд над шиг тайван хүн тэнд олон ажил зэрэг амжуулна гэж байх ч үгүй юм билээ. “Яаж гарч явна аа” гэж байтал өдрийн тал нь өнгөрчихдөг. “Баахан машин, баахан хүмүүс” гэж бодохоос гармааргүй санагдаад байдаг. “Дүү нараа ахиухан үнсэж аваад буцна даа” гэж бодсоор яваад, тухтай уулзаж ч амжихгүй буцах болчихдог. Дүү нар утасдаад л, сүүлдээ уурлаад “орж ирж ус уучихаад л гараад явдаг” гэж ээждээ ундууцаж ярьсан байна лээ хэхэ.

Рок хөгжмөө сонсож, хар дэвтэрт саатай балаар шүлгээ бичсээр л байгаа юу?

-Хөгжмийн хувьд бол маш олон удаа сонсдог хөгжмөө өөрчилсөн, ер нь өөрчилдөг. Одоо найз залуугаа дагаад ардын дуу их сонсож байна. Насных ч байх /инээв.сурв/. Сүүлийн үеийн репперүүдээс Epoch, Maberrant, 168-ыг сонсож байгаа. Эморохоороо Lana, Ciggarette after sex, Bjork гэх мэт сонсоно. Ер нь эморохоороо сонсдог хэдэн дуутай. Хуучнаас Нисванис, Ганг, Sainkho зэргээ бол хаяагүй.

Дэвтэр хэрэглэхээ больсон, гэхдээ цуглуулахаа болиогүй ээ хэхэ. Утсан дээрээ тэмдэглээд л, хадгалаад л. Утсаа харж шүлгээ уншаад л байж байна.

Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн их амжилт хүсье.

Б.Будхүү

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close