Эрүүл мэндFocus

Зүрхний төрөлхийн гажгийн баг хоёр сартай нярайд бие даан мэс засал хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төрөлхийн гажгийн баг бүрэлдэхүүн /2023.01.18/ уушгины венийн бүрэн буруу оролт оноштой хоёр сартай нярайд мэс засал эмчилгээг анх удаа бие даан амжилттай хийж амь насыг нь аварлаа.

Монгол Улсад хараахан эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд гажиг өвчний жагсаалтад багтдаг энэ төрлийн хавсарсан хүнд гажиг нь манай улсад жилд 3-4 тохиолдол оношлогддог бөгөөд энэ удаагийнх хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын үндэсний баг бүрэлдэхүүн анх удаа бие даан хийсэн мэс засал юм.  

Өнгөрсөн онд тус эмнэлэг БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зочин профессорын хамтарсан багаар зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг оношлогдсон хүүхдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж, ажлын байрны мэс засал сургалтуудыг үр дүнтэй зохион байгуулсан.

Тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын баг нь 2012-2013 онд БНСУ-ын “Зүрхний сан”-гийн дэмжлэгтэйгээр тус улсын “Ионсэй Северэнси” эмнэлэгт манай эрүүл мэндийн салбараас анх удаа багаараа бэлтгэгдсэн өндөр ур чадвартай мэс заслын мэргэжилтнүүд бөгөөд  цаашид энэ төрлийн хагалгааг Монгол Улсад бүрэн хийх боломжийг бүрдүүлээд байна.

Түүнчлэн Люксембург, Франц, Япон, БНСУ-ын хүүхдийн зүрх судасны мэс заслын багтай хамтарч жилд 5-6 удаагийн ийм төрлийн хамтарсан мэс засал-сургалтыг зохион байгуулж эмч мэргэжилтнээ сургаж дадлагажуулахын зэрэгцээ, дээрх багуудтай хамтарч жил бүр 20-30 хүүхдэд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг өөрийн орондоо, чанартайгаар хийлгэх боломжоор ханган ажиллаж ирсэн билээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close