БоловсролЯрилцлагаFocus

Н.Манчук: Нагоягийн их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалт хариуцсан эрхлэгч Н.Манчук Япон улсын Нагоя их сургуулийн урилгаар гурван сар ажиллаад иржээ. Энэ хугацаанд сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ямар ажил амжуулсан хийгээд судалгааны ажлынх нь ахиц амжилтын талаар бид ярилцлаа.      

-Та Япон руу хэзээ явсан бэ? 

-Би Японы Нагоягийн их сургуулийн урилгаар, тэнд зочин профессороор гурван сар туршлага судлангаа ажиллаад ирлээ. Азийн орнуудаас зочин профессороор ажиллах шалгуур хангасан хоёр хүн байсан. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард тэнцээд, 10-р сард Ерөнхий захирлын тушаалаар явсан. 

-Тэнд ажилласан гол зорилго..?

-Нэгдүгээрт, судалгаа хийх, хоёрдугаарт, сургуулийнхаа хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой ажилласан. Би өмнө нь Нагоягийн их сургуульд доктор хамгаалсан. Тэнд сурч байхдаа хийсэн судалгаагаа ахисан түвшинд гаргахыг зорьсон. Орчин үед нэг мэргэжлээр сураад, зөвхөн тэр мэргэжлийн ажлаа хийх биш, хөрвөдөг болсон. Би хэдийгээр геологич мэргэжил эзэмшсэн ч археологийн судалгаа хийж байгаа. 

-Сонирхолтой санагдаж байна. Археологийн судалгаа таны мэргэжилтэй хэрхэн, яаж холбогдож байгаа вэ? 

-Иорданы археологийн судалгаан дээр ажиллаж байгаа юм. Эртний хүмүүс чулуун зэвсэг хийдэг байсан чулуугаа хаанаас хэрхэн сонгодог байсан. Зэвсэгт ямар чулуулаг ихэвчлэн ашигладаг байсныг геологи талаас нь судалж байгаа. Чулуун зэвсгийн химийн найрлагыг судалсан тохиолдол бий. Харин археологи дотор геологи талаас нь судалсан ажил байхгүй учраас шинэлэг.

Би Иорданаас олдсон чулуун зэвсэгтэй төстэй цахиурлаг чулуулаг доторх микро амьтны үлдэгдэл болон цирконы насыг тогтоох судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан. Гэтэл чулуун зэвсгийн үед дандаа цахиурлаг чулуулаг ашигласан байдаг. Эрдмийн ажлынхаа сэдвээр холбогдчихсон гэх үү дээ. 12 жилийн өмнө Сири улсад хийсэн судалгаанд би оролцоод Нагоя их сургуулийн сэтгүүлд өгүүлэл гаргаж байсан юм. 

-Таны судалгааны ажил одоо ямар түвшинд яваа вэ? 

-Шинэлэг үр дүн гарсан. Химийн хоёр, гурван туршилт хийлээ. Хүссэн үр дүндээ хүрч чадвал олон улсад судалгааны шинэ арга аргачлал нэвтэрнэ гэсэн үг. Энэ төрлийн судалгааг одоогоор хийсэн хүн өөр байхгүй учраас Японы археологичид өгүүлэл бичиж хэвлүүлээч гэсэн санал тавьдаг. Ирэх жил би Иорданы судалгааны талбай дээр ажиллах юм. Тэндээс судалгааны материалаа илүү баяжуулаад өгүүллээ бичвэл олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд гаргах боломжтой. 

-Судалгааныхаа ажлын зэрэгцээ сургуулийнхаа гадаад харилцаа, хамтын ажиллагааг тэлэх чиглэлд хэрхэн ажиллав?  

-Сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санаачилгатай ажиллахыг хичээсэн. Гурван ажил төлөвлөөд ирлээ. Эхнийх нь Нагоягийн их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн жил бид хангайн бүс, Орхон аймгийн 9, 12 дугаар ангийн 3000 гаруй хүүхдэд мэргэжил чиглүүлэх сургалт зохион байгуулсан юм.

Тэр дунд инженер, байгалийн ухааны сургууль, мэргэжил сонгож байгаа сурагчид 30 хүрэхгүй хувийг эзэлж байсан. Төгсөлтийн үед 20 хүрэхгүй хувь болж буурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл нийгмийн чиглэлийн хуульч, эдийн засагч, сэтгэл зүйчийн анги сонгоод байна гэсэн үг.

Инженерчлэл байхгүйгээр энэ улс орон яаж хөгжих вэ. Иймэрхүү асуудал Японд 20 жилийн өмнө тулгарсан байдаг. Энэ үед Японы их сургуулиуд улирал тутмын хөтөлбөрүүд гаргаж ирсэн. Арван жилийн хүүхдүүдийг шинжлэх ухаанд дуртай болгох ердөө хоёр өдрийн тусгай хөтөлбөр. Эхний өдөр нь онол, хоёр дахь өдөр нь туршилт дадлага. Ингэхдээ өөрсдийн сонирхол, чиглэлээ хайх 9-11 насны хүүхдүүдийг сонгосон нь үр дүнгээ өгсөн.

Хүүхдүүдийн сонирхлыг хэрэгцээтэй салбар луу татаж мэргэжилтэн бэлтгэх нь агуулгаараа маш том бодлого. Иймэрхүү үйл ажиллагааг Нагоягийн их сургууль жилд дөрвөн удаа буюу улирал тутам зохион байгуулаад 20 гаруй жил болж байна. 

-Энэ хөтөлбөрийг Эрдэнэтэд хэрэгжүүлэх үү? 

-Өнгөрсөн жил Нагоягийн их сургуулиас профессор ирэхэд энэ хөтөлбөрийг монгол хүүхдүүдэд зориулж зохион байгуулах тухай ярьсан. Энэ ажлыг баталгаажуулаад ирлээ. Сургуулийн амралт эхлэх 6-р сард эндээс 10 хүүхэд, асран хамгаалагчийн хамт Япон явж хөтөлбөрт хамрагдана. Тэднийг дагуулаад нэг сургагч багш бэлтгэнэ. Тэгээд ирэх жил Эрдэнэтэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэр үед Японоос багш нар ирж зөвлөгөө өгөх юм.  

-Зуны тусгай хөтөлбөрт хамрагдах хүүхдүүд 9-11 насных байх уу? 

-Тэгнэ. Долоо хоногийн энэ хөтөлбөрт Эрдэнэтийн хүүхдүүд хамрагдах боломжтой. Гэнэтийн төлөвлөгөө учраас зардлаа эцэг эхчүүд өөрсдөө гаргана.  Багаасаа байгалийн ухаан, инженерийн салбарт сонирхолтой хүүхдүүд бий болно гэж үзэж байгаа юм. 

-Хоёр дахь ажил нь юу вэ?      

-Акита аймгийн их сургуулийн дэд ерөнхийлөгчтэй уулзаад хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон. Эхний ээлжинд долоо хоногийн багц хөтөлбөр хамтарч хэрэгжүүлнэ. Энд манай сургуулийн инженерийн салбарын оюутнууд хамрагдах боломжтой. Гол нь англи, эсвэл япон хэлтэй оюутнууд байх шаардлагатай. Өмнө нь бид санамж бичиг байгуулна.

Санамж бичиг байгуулахаас наана манай сургуультай танилцах хүсэл тэдэнд бий. Энэ асуудлыг Үйлдвэрийн газрын удирдлагуудтай ярилцаж шийдэх боломжтой гэж харж байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл жилд 10 гаруй багш, оюутныг чадавхжуулах боломж нээгдэнэ. Ингэснээр оюутнууд маань дипломтой, дээрээс нь Японы Акита их сургуульд мэргэжил дээшлүүлсэн сертификаттай төгсөх боломж бүрдэнэ.    

-Төгсөгчдөд, үйлдвэрийн ажилчдад чиглэсэн хамтын ажиллагааны төлөвлөлт бий юу? 

-Инженерийн мэргэжил эзэмшээд төгсөж байгаа хүүхдүүдэд, үйлдвэрт ажиллаж байгаа инженерүүдэд япон инженерийн цалингаар японд ажиллах боломж нээгдэж байгаа. Тэдэнд япон хэлний N3 түвшний мэдлэг шаардлагатай. Дунд түвшин гэсэн үг. Хэлний шаардлага хангавал Японы өндөр технологитой компанид ажиллаад, чадваржаад ирэх боломж нээгдсэн.

Төгсөгчид маань санхүүгийн боломжтой болбол магадгүй Японд магистр, докторт суръя гэх сэдэл төрж болно шүү дээ. Тэгвэл манай төгсөгчдийн чанар сайжирна, элсэгчид ч зорилготой, өөр түвшинд очих болов уу. Ер нь манай төгсөгчид инженерийн салбарт гологддоггүй. Сурч байхдаа л ажлын байртай болчихдог. Ямар асуудал тулгарч байна гэхээр японы хэлний түвшин.

Эхний ээлжинд Гадаад хэлний сургалтын төв дээр япон хэлний курс хичээллүүлээд, сургалтынхаа төлөвлөгөөнд япон хэл оруулж өгье гэж бодож байна. Оюутнууд маань төгсөхдөө япон хэлний N3 түвшний мэдлэгтэй инженерүүд болж гарвал асар их боломж байна. 

-Яагаад заавал Япон гэж..?

-Япон ерөнхийдөө хөгширч байгаа орон. Дундаж наслалт 90 болсон. Төрөлт багассан. Залуучууд нь тэтгэврийн насныхнаа тэжээхийн тулд массаа авч явж байна. Инженерийн салбартаа хүртэл ажиллах хүч байхгүй болчхоод байгаа юм. Хэдийгээр ирээдүйд роботоор асуудлаа шийднэ гэж байгаа ч одоогийн түвшинд асуудал үүсчхээд байгаа.

Манайх одооноос хүнээ бэлтгээд эхэлбэл хамгийн багадаа 50 жил энэ байдал үргэлжилнэ. Төрөх эмнэлгүүд нь тоо буурч, их сургуулиуд нь хүртэл нэгдэх бодлого барьж байна. Нагоягийн их сургууль 60 км-ийн цаана байгаа Гифү их сургуультай нэгдэхээр өнгөрсөн жил гэрээ үзэглэсэн. Хөгжлийн үйл явц нь удаан явагдана.

Гурав дөрвөн жилийн дараагаас барилгаа бариад нэгдэх үйл явц үргэлжлэхээр төлөвлөж байгаа. Манай хүмүүс тэнд очиж ажиллаад мэдлэгээ зузаатгаад, мөнгөтэй болоод эргээд монголдоо ирэхэд бүтээмж нь, хувь хүний чиг хандлага нь ч гэсэн өөр түвшинд хүрсэн байх болно. Хамтын ажиллагаа урт хугацаандаа тогтвортой байх боломжийг харж япон хэлийг сонгож байгаа юм.

-Та залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийг ахалж байсны хувьд тэдний хүсэл сонирхлыг мэдэж байгаа байх?  

-Эрдэнэт үйлдвэрийн ихэнх хувь нь залуучууд болчихсон. Тэд сурах, гадаад руу явж туршлага судлах сонирхолтой. Өөрийгөө ямар түвшинд байгааг мэдэх, сорих хүсэлтэй. Дийлэнх нь цалингийн зээлтэй байдаг. Тиймээс үйлдвэрийн ажилтнуудыг японд жилийн хугацаатай дадлагажуулах ажлыг төлөвлөж байна.

Тэнд япон инженертэй адил цалин аваад, дадлагажаад ирэхэд харах өнцөг, мотиваци ч гэсэн их өөр болно. Санхүүгийн хувьд бага ч болов чөлөөлөгдөх боломжтой болно. Хар ажил биш, инженер хийнэ шүү дээ. Үүний дараа сувилагчийн хөтөлбөр хэрэгжүүлж болно. Японд сувилагч эрэлттэй байдаг учраас эмнэлэг, сувиллын салбарын хүмүүс тэнд дадлагажих боломжтой.       

-Ингэхэд Нагоягийн их сургууль технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг үү? 

-Нобелийн зургаан шагналтан төрсөн энэ сургууль дотроо хууль, анагаах, байгалийн ухаан, хөдөө аж ахуй, инженерийн чиглэлийн салбар сургуультай. Манай тус тусдаа байгаа их сургуулиудыг нэгтгэсэнтэй адил. Эзэн хааны нэрэмжит долоон сургуулийн нэг. Сүүлийн үед Нобелийн шагналтан олноор төрж байгаа болохоор чансаагаараа дэлхийд дээгүүрт бичигддэг. Одоо Монголоос дөрвөн оюутан геологийн чиглэлээр сурч байгаа.  

-Технологийн сургуулийнх нь сургалтын хөтөлбөрийг илүү анзаарсан байх. Онцлог нь юу байна?  

-Бид 10-аад жилийн өмнө л нано технологи гэж яриад байсан. Одоо нано технологи хэрэглээний түвшинд оччихсон. Сургалтын хөтөлбөрүүддээ шингээгээд өгчихсөн байгаа юм. Манайх ерөнхий гэж яриад байгаа хэр нь, үнэн хэрэгтээ механик инженер, барилгын инженер гээд нарийвчилчихсан. Гэтэл тэнд электроник мэдээллийн систем гээд хөтөлбөр байна.

Цахилгаан ч хамааралтай, мэдээллийн технологи ч хамааралтай, холимог хөтөлбөр. Жишээ нь байгалийн ухааны бакалавр төгссөн хүүхэд онгоцны инженерээр ажиллаж болж байна. Ямар мэргэжлээр төгссөн, яг тэр мэргэжлээрээ ажиллана гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл ерөнхий ойлголтыг нь өгчихсөн байхад тухайн компани өөрийнхөө сургалтаар мэргэшүүлээд ажилд авчихдаг гэсэн үг. Тэгэхээр бид ч гэсэн хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд хөтөлбөрүүдээ бэлдэх нь зүйтэй гэж бодож байна. 

-Цаг гаргаж, ярилцсан танд баярлалаа.

Эх сурвалж: erdenettoday.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close