Сонгуулийн тогтолцоог сайжруулахад иргэдийн шахалт хэрэгтэй болов
Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт УИХ төрийн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хангах зорилгоор “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар баасан гаригт нэр дэвшүүлэлт нь эхэлчихсэн, энэ баасан гариг (30-ны өдөр) дуусна.
Үндсэндээ, улс төрийн нам гэдэг зүйл инстүүц (институт) байхаа больж, иргэд өмнөөс нь бодлого тодорхойлохоор болж байх шиг байна л даа.
Өнгөрсөн 30 жилийн турш бид “УИХ, парламент бол бага ард түмэн юм” гэж ярьж, бичиж, итгэж үнэмшиж ирсэн. Иргэдийг бүрэн төлөөлнө өө гэсэн үг. Гэвч тэд маань иргэдийн төлөөлөл байхаа, төлөөлж чадахаа больсон гэдгийг сүүлийн хоёр парламентаас бид бүрэн ухамсарлах болсон билээ. Өмнөх парламент нь ЖДҮ хөгжүүлэх сангийн мөнгийг хувааж “цуслаж”, иргэдийнхээ боломжийг хулгайлсан. Өнөөдрийн парламент нь “Нүүрсний хулгайч” гэдэг нэг малгай дор бүрэн эрхээ дуусгах нь тодорхой болов.
Сонгуулийн жижиг тойрог, авилгажсан намын тогтолцооноос болж парламент нь ард түмний төлөөлөл, тэдний ашиг сонирхлыг илэрхийлэгч байхаа болиод намын эрх ашиг, мөнгө гэдэг хоёрхон зүйл тэднийг тодорхойлж байгаа. Ийм үед парламент иргэдийн өмнөөс иргэдийнхээ төлөө шийдвэр гаргана гэдэг “шонгүй” болсон хэрэг. Тийм чадамж ч үгүй юм шиг байна. Ерөөсөө УИХ нь ч, улс төрийн намууд нь ч хөрснөөсөө, иргэдээсээ нэгмөсөн тасраад “агаараар” улс төр хийх болсон. Ийм шалтгааны улмаас арга буюу Зөвлөлдөх ардчилал гэдэг зүйлийг санаж сэдсэн хэрэг.
Өмнө нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өмнө УИХ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталж, иргэдийн дунд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр санал асуулга явуулж байсан. Тухайн үедээ “санамсаргүй түүврийн арга” гэдэг нь юу болох, ямар аргаар түүвэрлэсэн… гэх мэт маргаан, шүүмжлэл дагуулж, “МАН гишүүдийнхээ дунд түүвэр хийчихлээ” гэх хардлага, сэрдлэг ч явж л байсан. Өөрөөр хэлбэл энэ санал асуулгад иргэд үнэхээр их ач холбогдол өгч, оролцоог чухалчилж байсан гэсэн үг.
Ерөнхийдөө санал асуулгын зарчим нь, эрдэмтэд судлаачдын баг ажиллаж Зөвлөлдөх санал асуулгын асуултын боловсруулан УБЕГ-аас санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1500 орчим иргэнээр (өмнөх удаа 1580 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон) санал асуулгыг бөглүүлнэ. Санал асуулгад оролцосон иргэдийн өөрсдийнх нь зөвшөөрлөөр (санал асуулгад оролцсон нийт иргэдийн 50-иас доошгүй хувийг оролцоотойгоор) зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Үүний тулд иргэдийн санал болгосон асуудлуудаар мэргэжлийн баг, сонирхлыг бүлгүүдийг оролцуулсан сургалт явуулж, мэдээллээр хангасны үндсэн дээр зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулна. Эцэст нь хоёр дахь санал асуулгыг зохион байгуулж, эндээс гарсан үр дүнг УИХ-д танилцуулах юм. Ийм маягаар парламент иргэдийн санал, шаардлагыг хууль тогтоох ажиллагаанд тусгахыг зорьж байгаа юм.
Өмнөх удаа зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байсан бол энэ удаа улс орны өмнө тулгамдаад байгаа асуудал (улс төр, эдийн засаг, нийгмийн гэх мэт бүх салбарыг хамарсан) гэсэн болохоор илүү өргөн хүрээнд асуудлаа ярилцахаар болж байна.
Уг нь бол улс төрийн нам инстүүц гэдэг утгаараа энэ бүх хүрээнд судалгаа шинжилгээ хийсэн, түүн дээрээ тулгуурлаад бодлогоо тодорхойлчихсон, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлчихсэн байх ёстой л доо. Гэвч өнөөдрийн нөхцөлд тийм боломж, чадамжгүй болсон гэдгийг парламентын жишээн дээр хэлсэн. Тийм болохоор энэ асуудлууд дээр иргэдийн өөрсдийн санал, санаачилга, шахалт хэрэгтэй болжээ гэсэн үг.
Тухайлбал, МАН Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо сайжруулна гэдэг амлалтыг хоёр дахь удаагаа авснаас хойш дахиад жилийн хугацаа өнгөрлөө. Хэрвээ ирэх зургадугаар сараас өмнө энэ асуудлыг шийдэж чадахгүй бол дараачийн парламент руу шидэгдэнэ гэсэн үг. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 оны төсөв батлагдсаны маргааш, арванхоёрдугаар сарын 1 гэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргын ширээн дээр тавьсан байна гэсэн. Тэр нь ч бас алга.
Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Ерөнхийлөгчийн инстүүцийн тухай. Үндсэн хуулийн цэцийн тухай гээд “тогтолцоогоо яаж сайжруулах вэ” гэдэгт чиглэсэн, өмнө хүлээгдэж байсан олон хуулийн төсөл УИХ-ын босго давалгүй бүрэн эрхийнхээ гурав дахь жил рүү орж байна. Бүр тодорхой хэлбэл, үүн дээр манай хууль тогтоогч нарын өөрсдийнх нь итгэл үнэмшилж, хүсэл эрмэлзэл дутаж байгаа хэрэг юм.
Тиймээс иргэдийн энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулга, Зөвлөлдөх хэлэлцүүлгээр дэвшүүлэх ёстой асуудлуудын нэг хэсэг нь лав эдээр хуулиуд байх ёстой болов уу. Тэгэхгүйгээр санхүүжилтээ ил зарладаггүй авилгажсан намын тогтолцоо, жижиг тойрогт суурилсан төсвийн үрэлгэн байдал, төрийн өмчийн компаниудад үүрлэсэн хулгайгаас салж чадахгүй юм байна.
Энэ бол аль нам төрийн эрхэнд байхаас, хэн гэдэг цэцэн мэргэн нөхөр УИХ-д орж ирэхээс үл хамаарсан тогтолцооны гажиг юм. Иргэний эрх, ард түмний ашиг сонирхол гэж хамгийн их ярьдаг байсан хүн УИХ-д орж ирэнгүүтээ нөгөө авлигын системийн чинь нэг хэсэг, эрэг шураг нь болоод явчихаж байна гэдэг маань тогтолцоо буруу байна гэсэн үг. Тиймээс хүнээс хамаардаггүй тогтолцоо, хуулийн механизмыг бий болгох нь манайхны хувьд хамгийн тулгамдсан асуудал юм даа.
УИХ, парламент нь жинхэнэ утгаараа ард түмний төлөөлөл байхын тулд нийгмийн бүх бүлгүүд энд байх ёстой юм байна. Ингэхийн тулд сонгуулийн зардлыг бууруулж, улс төрд мөнгөний нөлөөллийг багасгаж, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг нь нээж өгөх ёстой. Энэ бол сонгуулийн тогтолцооноос шууд хамааралтай асуудал. Зөвлөлдөх ардчилал, зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлгийн нэг үр дүн ийм байвал нэн сайн сан…
Нийтлэлч Ц.Булганзаяа
Эх сурвалж: www.baabar.mn